Алматы хотод учирсан хохирлын хэмжээ 260 сая доллар давжээ
2022-01-17

 

Казахстанд энэ сарын эхээр болсон эмх замбараагүй байдлаас үүдэлтэй хохирлын дүн өөрчлөгдсөөр байна. Эмх замбараагүй байдлын үеэр үймээн дэгдээгчид дэлгүүр, худалдааны төв тонож, эвдэн сүйтгэсэн юм. Бизнес эрхлэгчид энэ үймээнээс үүдэлтэй хохирлын хэмжээгээ тооцоолон гаргасаар байна. 

 

Хамгийн сүүлийн тооцооллоор, Алматыд болсон эмх замбараагүй байдал, халдлагаас үүдэлтэй хохирол 260 сая доллараар хэмжигдэж байгаа гэнэ. Энэ талаар тус хотын орлогч дарга Ильяс Усеров мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулжээ. 

 

"Өнөөдрийн байдлаар урьдчилсан, нийт хохирлын дүн 112.6 тэрбум тенге, үүнээс бизнесийн байгууллагуудад 67 тэрбум тенгений хохирол учирсан байна" хэмээн хотын орлогч дарга мэдэгджээ. 

 

Нэгдүгээр сарын 10-ны байдлаар хохирол тооцон гаргахад 215 сая долларын хохирол учирсан гэсэн урьдчилсан тооцоо гарч байв. Казахстаны есөн бүс нутагт бизнесийн 1319 байгууллага хохирсоноос ихэнх нь Алматы хотод байрладаг аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин