Хойд Солонгос галт тэрэгний цуваа илгээж, Хятадаас ачаа бараа татжээ
2022-01-17 15:40


Жил хагасын хугацаанд завсарласны эцэст Хойд Солонгос, Хятадын хоорондын галт тэрэгний хөдөлгөөн сэргэжээ. Регнум агентлагийн мэдээлснээр, БНАСАУ -аас Хятадыг чиглэсэн эхний галт тэрэгний цуваа нэгдүгээр сарын 16-нд ирсэн бол хоёр дахь цуваа нэгдүгээр сарын 17-ны өглөө Хятадад ирсэн байна.

 

Ийнхүү төмөр замын харилцаагаа сэргээсэн нь коронавирусийн цар тахлын улмаас 2020 оны эхэн үеэс эхлэн өөрсдийгөө тусгаарласан дэглэмээ Пхеньян сулруулахаар шийдсэнтэй холбоотой байж магадгүй гэж шинжээчид таамаглаж байна. Гэхдээ БНАСАУ гадаад орнуудтай худалдаагаа бүрэн сэргээсэн гэдгийг бүрэн батлах үйл явдал гараагүй байгаа юм.

 

Ямартай ч нэгдүгээр сарын 16-ны өдрөөс байдал өөрчлөгдөсөн байна. Хятадын олон нийтийн сүлжээгээр тархсан, нэг минутын дүрс бичлэг шинжээчид, сэтгүүлчдийн анхаарлыг ихээхэн татжээ.

 

Энэ дүрс бичлэг дээр Хойд Солонгосыг Хятадтай холбодог Амноккан голыг дамнасан "Найрамдлын гүүр"-ээр нэгдүгээр сарын 16-ны 09:00 цагт БНАСАУ-аас галт тэрэгний цуваа хөдлөн, Хятадын хилийн Даньдун өртөөн дээр зогссон байна. Дүрс бичлэгийг хийсэн хүн энэ үйл явдлыг "Хойд Солонгосоос анхны галт тэрэг ирж байна" хэмээн солонгосоор тайлбарлажээ.

 

Энэ нь БНАСАУ хуурай замаар Хятадтай харилцах бүхий л тээврийг зогсоосноос хойш жил хагасын дараа болж буй үйл явдал юм. Коронавирусийн цар тахлаас өмнө "Найрамдлын гүүр"-ээр БНАСАУ-ын гадаад худалдааны эргэлтийн 70 орчим хувь нь дамждаг байжээ. Тиймдээ ч энэ гүүрийг "Хойд Солонгосын амьдралын гүүр" гэх нь элбэг бөгөөд энэ нь Хойд Солонгосыг гадаад ертөнцтэй холбодог гол зам юм.

 

Энэ мэдээллийг сэтгүүлчид, шинжээчид болон Өмнөд Солонгосын Засгийн газрын төлөөлөгчид ч баталсан байна. Үнэхээр Хойд Солонгосоос галт тэрэгний цуваа ирсэн бөгөөд энэ цуваа нэг зүтгүүр, нэг зорчигчийн вагон, 13 ачааны вагоноос бүрдсэн байжээ. Мөн Даньдунь хотод байх эх сурвалжууд ч Хятадаас Хойд Солонгос руу бараа илгээх ажил эхэлсэн гэдгийг баталсан байна.

 

Шинжээчдийн өгүүлснээр, даваа гаригийн өглөө 07.00 цагт Хойд Солонгосоос 15 вагоноос бүрдэх өөр нэг ачааны цуваа Даньдунд ирсэн байна. Хойд Солонгосоос ирсэн вагонууд хоосон байсан бөгөөд цуваанууд Хятадаас бараа бүтээгдэхүүн аваад буцсан гэж шинжээчид таамаглаж байгаа аж. Гэхдээ БНХАУ-аас БНАСАУ руу нийлүүлсэн барааны нэр төрөл, тоо хэмжээ тодорхойгүй. Эдгээр нь нэн хэрэгцээт бараа бүтээгдэхүүн, эм бэлдмэл болон коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэхэд шаардлагатай эд зүйл байсан байж болзошгүй гэж шинжээчид үзэж байгаа юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Buten jil hagas hilee neegeegui gejin tegtel manaih gantc sar bolohod dampuurch duusah shahaa bizdee.
2022-01-20