Энэтхэгт омикрон штаммаас сэргийлэх вакцин бүтээж байна
2022-01-18

Энэтхэгийн эмзүйн Gennova Biopharmaceuticals компани коронавирусийн омикрон штаммаас сэргийлэх вакцин бүтээж байгаа гэнэ. Энэ вакцин бэлэн болоход нэг, хоёр сарын хугацаа шаардагдана гэж холбогдох эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр Ройтерс агентлаг дамжуулжээ. 

 

Энэтхэгт бүтээж буй энэ вакциныг багахан туршилтад оруулсны дараа коронавирусээс сэргийлэх вакцины гурав дахь бустер тун болгон ашиглаж болох гэнэ. Эхний туршилт 2021 оны сүүлээр явагджээ. Вакциныг зөвшөөрвөл омикрон штаммд нийцүүлэн гаргасан Энэтхэгийн анхны мРНК вакцин болох юм байна. 

 

Энд дуулгахад, анагаах ухааны салбарт тэргүүлдэг бусад орнууд ч омикрон болон бусад штаммаас давхар сэргийлдэг вакцин бүтээж байгаагаа зарлаж байлаа. АНУ-ын цэргийн эмч нар коронавирусийн бүх хувилбараас сэргийлэх супер вакцин бүтээж байгаагаа өнгөрсөн долоо хоногт зарласан. Харин ОХУ-ын эрдэмтэд омикрон болон дельта хувилбар дээр суурилсан вакцин бүтээх боломжтой гэж мэдэгдсэн бөгөөд энэ асуудлыг хэлэлцэж байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин