Бээжинд халдвар бүртгэгдэж, Олимпын халдвар хамгааллын журмыг чангатгав
2022-01-18

XXIV Өвлийн олимп эхлэхэд цөөн хоног үлдээд байна. Энэ удаагийн өвлийн олимпыг 2008 онд Зуны олимп хүлээн авч байсан Хятадын нийслэл Бээжин хот зохион байгуулах бөгөөд Өвлийн олимпын нээлт хоёрдугаар сарын дөрөвний өдөр болно. 

 

Бээжингийн Өвлийн олимп нь цар тахлын үед зохиогдож буй хоёр дахь олимп юм. Өмнө нь Токио -2020 олимп коронавирусийн цар тахлын улмаас хойшлогдож, 2021 онд зохион байгуулагдаж байв. Токиогийн олимпыг цар тахлын үед зохион байгуулахын тулд ковидын эсрэг арга хэмжээг чандлан хэрэгжүүлж байсан. Харин Бээжингийн олимп үүнээс ч чанга хатуу арга хэмжээ авна гэж Олон улсын Олимпын хороо мэдэгджээ. 

 

Тодруулбал, "хаалттай систем"-д нэвтрэхийн тулд оролцогч бүр вакцины бүрэн тунд хамрагдсан байх ёстой гэнэ. Тамирчид, наадмын зочид, төлөөлөгчдийг бүгдийг тус тусад нь байрлуулах бөгөөд бүлэг утс бүр тусгай хонгилоор зорчих аж. Олимпын үеэр тухайлсан нэг төрлийн амны хаалт зүүнэ, өөр амны хаалт зүүхийг зөвшөөрөхгүй гэнэ. 

 

Түүнчлэн халдвар тархаахгүйн үүднээс олимп болох хотод ирэхэд өгөх шинжилгээний журмыг чангатгасан байна. Тодруулбал, Бээжинд ирж байгаа хүн бүр коронавирусийн шинжилгээг хоёронтоо өгөх шаардлагатай гэнэ. Бээжин рүү ирэхээс 48 цагийн өмнө эхний шинжилгээг өгөх бол Бээжинд ирснийхээ дараа 72 цагийн дотор дахин шинжилгээ өгөх журам гарчээ. Энэ журам нэгдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн хоёр сарын хугацаанд буюу Олимп болон Паралимп зохион байгуулагдах хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэх аж. 

 

Тасалбарыг олон нийтэд худалдаалахгүй 

 

Коронавирусийн цар тахлын улмаас Хятад гадаадын зочид төдийгүй Хятадын бусад нутгаас ч үзэгч авахгүйгээр олимп зохион байгуулахаар шийдэж байлаа. Гагцхүү Бээжин хотын оршин суугчид л олимпын тэмцээн уралдааныг үзэж болно гэсэн шийдвэрийг өнгөрсөн оны есдүгээр сард гаргаж байв. Нөхцөл байдал эрсдэлтэй гэж үзсэн тул энэ шийдвэрийг ч өөрчилжээ.

 

Тодруулбал, Бээжингийн Өвлийн олимпын тасалбарыг олон нийтэд худалдаалахгүй байх шийдвэр гарчээ. Бээжин хотоос холгүйхэн орших Тяньжиньд коронавирусийн дэгдэлт гарсан, үүний дараа нэгдүгээр сарын 15-ны өдөр Бээжин хотод омикрон штаммын нэг тохиолдол бүртгэгдсэн нь ийнхүү журам чангатгахад нөлөөлсөн бололтой. Ингээд олон нийтэд тасалбар худалдахгүй, гагцхүү хөгжөөн дэмжих бүлгүүдэд тасалбарыг тараахаар болжээ.

 

Коронавирусийн нөхцөл байдал хүндэрч байгаагийн улмаас олимпын тасалбарыг олон нийтэд худалдахаас татгалзсан гэдгийг Бээжингийн Олимпын зохион байгуулах хороо мэдэгдээд энэхүү шийдвэр нь Олимпод оролцогч болон үзэгчдийг хамгаалахад чиглэгдсэн гэж онцолсон байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин