Бээжин: Омикрон халдварын улмаас офисыг ажилтнуудынх нь хамт лацаджээ
2022-01-18

Хятадын эрх баригчид ирэх сард эхлэх Өвлийн олимпод бэлдэх үүднээс коронавирусийн халдварын дэгдэлт гаргахгүйн тулд хатуу арга хэмжээ авсаар байгаа ч халдварын тохиолдлууд бүртгэгдсээр байна. Тэр дундаа олимп болох Бээжин хотод омикрон штаммын халдвар илэрсэний улмаас эрх баригчид хатуу хязгаарлалт, олныг хамарсан шинжилгээ авах ажлыг зохион байгуулсаар байгаа юм. 

 

Өвлийн олимп, паралимп зохион байгуулагдах Бээжин хотоос холгүйхэн орших Тяньжинь хотод омикрон халдварын дэгдэлт бүртгэгдэж байв. Улмаар нэгдүгээр сарын 15-ны өдөр Бээжинд омикрон штаммын халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн байна.

 

Үүний араас даваа гаригт Бээжин хотод байх нэгэн байгууллагын ажилтнаас коронавирусийн халдвар илэрсэн тул ажилтнуудыг гаргалгүйгээр офисын барилгыг лацаджээ. Эрх баригчид халдварыг гадагш тархаахгүйн тулд халдвар авсан хүний хавьтагчдыг бүгдийг шинжилгээнд хамруулж, хариу нь гарах хүртэл барилгаас хэнийг ч гаргахгүй байхаар шийдсэн талаар Global Times мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, энэ хөл хорио хэд хоног үргэлжилж болзошгүй бөгөөд барилгад цоожлогдсон хүмүүст ор, дэвсгэр, цагаан хэрэглэл оруулж өгсөн гэнэ. 

 

Өмнө нь, нэгдүгээр сарын 15-нд бүртгэгдсэн омикрон штаммын халдвар Бээжингийн нэгэн оршин суугч эмэгтэйгээс илэрсэн аж. Тэрбээр хоёр долоо хоногийн хугацаанд хотоос огт гараагүй гэнэ. Халдвар авсан эмэгтэй олимпын тамирчид байрлах Олимпын парктай зэрэгцэн орших дүүрэгт амьдардаг юм байна. Энэ эмэгтэй гадаадаас ирсэн шуудан илгээмжээр дамжин халдвар авсан байх магадлалтай гэж Хятадын вирус судлаачид үзэж байгаа гэнэ. Тэрбээр халдвар авсан нь тогтоогдохоос өмнө хотоор идэвхтэй зорчиж байсан, метро, үсчин, тоглолтын талбай, төрөл бүрийн дэлгүүр, зоогийн газраас үйлчлүүлсэн аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Болд:
Ийм хатуу болоод л Хятад эдийн засгаар дэлхийн хоёр дахь хүчирхэг гүрэн болсон юм байна л даа. Манайхан бол яаж нялцганж эргэж буцсан шийдвэр гаргаж үнэ цэнэ нэр төрөө алдаж байх бол доо.
2022-01-18