Тонгад галт уул дэлбэрсний дараа 100 хүн ор сураггүй болжээ
2022-01-18

Нэгдүгээр сарын 14-ний өдөр Хунга-Тонга-Хунга-Хаапай хэмээх усан доорх галт уул дэлбэрсний улмаас цунами үүсч, Тонга улсад 100 гаруй хүн ор сураггүй болсонд тооцогдож байгаа гэнэ. 

 

Цунами болсны дараа Тонга улсын нийслэл Нукуалофа болон амралтын бүсүүд, арлын баруун хэсэгт байх суурин газрууд ихээхэн хохирол амссан байна. Хихифод эргийн хэсэг бүхэлдээ нурж, нэгэн тосгоны бүх байшингууд эвдэрч сүйдсэн талаар ТАСС агентлаг мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, бүлэг аралд багтах арлуудын ихэнх хэсэг нь үнс нурманд дарагдсан байна. Байгалийн гамшгийн улмаас усан доорх кабель гэмтсэн тул интернет, харилцаа холбоо тасарсан тул Тонга улс гадаад ертөнцтэй бүрэн холбогдож чадахгүй байгаа талаар эх сурвалж онцолсон байна.

 

Эрдэмтдийн мэдэгдсэнээр, Хунга-Тонга-Хунга-Хаапай галт уул хамгийн сүүлд 2014 онд оргилж байсан бөгөөд одоогоос сар орчмын өмнө идэвхжиж эхэлсэн аж. Энэ удаагийн дэлбэрэлт нь 1991 оноос хойших хамгийн том дэлбэрэлт гэж эрдэмтэд онцолжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Аймаар
2022-01-18