Алматыд эмх замбараагүй байдал дэгдсэнээс хойш 2,7 мянган хүн баривчлагджээ

Казахстанд энэ сарын эхээр хийн үнэ нэмэгдсэнийг эсэргүүцсэн жагсаал эмх замбараагүй байдал, үймээн самуун болон хувирч байсан.
Үүнтэй холбоотойгоор Алматы хотод алан хядах ажиллагааны эсрэг тусгай ажиллагаа явуулсан бөгөөд энэ хугацаанд нийт 2748 хүн баривчлагджээ. тэднийг хууль бус жагсаал цуглаан, тонуул, бусад гэмт хэрэгт оролцсон гэж сэжиглэж байгаа талаар хотын комендатын газрын шуурхай штаб мэдээлснийг РИА Новости дамжуулсан байна. Саатуулагдсан хүмүүсээс 131 галт зэвсэг, 4179 сум хэрэгсэл хураан авчээ.
Эргэн сануулахад, Казахстанд шингэрүүлсэн хийн үнэ нэмэгдсэний улмаас нэгдүгээр сарын хоёрны өдөр эсэргүүцлийн жагсаал болж, улмаар хэд хоногийн дараа энэ нь эмх замбараагүй байдал болон хувирсан юм. Жагсагчдын шаардсанаар засгийн газар огцорч, хийн үнийг буулгасан ч олон хотод үймээн самуун болсон. Энэ эмх замбараагүй байдалд алан хядагчид оролцсон гэж Казахстаны Дотоод хэргийн яам баталж байв. Үймээнээс үүдсэн Алматы хотын хохирлын хэмжээ 260 сая ам.доллараар үнэлэгдэж байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ