Бээжин-2022: Өвлийн олимпын тэмцээнүүд явагдах объектууд
2022-01-19

Хоёрдугаар сарын дөрөвний өдөр Бээжин хотноо Өвлийн олимпын наадмын бамбар асна. Өвлийн олимпын тэмцээн уралдаанууд өмнө нь зуны олимпод ашиглагдаж байсан болон шинээр байгуулсан объектуудад зохион байгуулагдах юм. 

Бээжин хот Өвөл болон Зуны олимп хүлээн авч байгаа дэлхийн анхны хотод тооцогдож байгаа. Тиймдээ ч өмнөх 2008 оны олимпоос үлдсэн хэд хэдэн объектуудыг өвлийн олимпод ашиглахаар болсон юм. 

Бээжин-2022 олимпын объектууд Бээжин, Яньцин, Жанжякоу гэсэн гурван бүсэд байрлана. 

БЭЭЖИНГИЙН БҮС

 
Энэ бүс нь Бээжингийн төв хэсэгт байрлах бөгөөд мөсөн дээр болдог тэмцээнүүд болон Наадмын нээлт, хаалтын ёслол энд болох юм. 


Үндэсний цэнгэлдэх хүрээлэн 

 

Гайхалтай өвөрмөц загвараараа “Шувууны үүр” нэр авсан энэ цэнгэлдэх хүрээлэнд Бээжин-2008 олимпын нээлт, хаалтын ёслол болж байлаа. Мөн энэ зуны олимпын үеэр “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнд хөнгөн атлетик, эрэгтэй хөл бөмбөгийн шувтаргын тоглолт болж байв. Өвлийн олимпын үеэр энэ цэнгэлдэх хүрээлэнд тэмцээн уралдаан болохгүй, харин нээлт, хаалтын ёслол болох юм. 


Бээжингийн үндэсний усанд сэлэлтийн цогцолбор 

2008 оны олимпод ашиглагдаж байсан, энэ удаад ч олимп болох өөр нэг объект нь Үндэсний усанд сэлэлтийн цогцолбор юм. Бээжин-2008 олимпын үеэр энд усанд сэлэлт, усанд үсрэлт, синхрон сэлэлтийн тэмцээнүүд явагдаж байлаа. Энэ цогцолборыг “Усан шоо” гэж нэрлэдэг нь мөн л өвөрмөц дизайнаас нь улбаатай. 

Бээжин-2022 өвлийн олимпын үеэр энэ цогцолборт керлингийн тэмцээнүүд болох юм. Өвлийн олимпын дараа ч энэ цогцолбор жилийн туршид ашиглагдаж, улирлаас хамааран зуны болон өвлийн спортын төрлүүдийн тэмцээн уралдаан болсоор байх аж. 


Бээжингийн Улсын спортын ордон 

 

Улсын спортын ордонг 2008 оны олимпод зориулан байгуулсан. Тухайн үед спортын гимнастик, гандбол зэрэг тэмцээнүүд явагдаж байжээ. Энэ ордонг “Дэвүүр” гэж нэрлэх нь ч бий. Учир нь энэ барилга Хятадын уламжлалт эвхэгддэг дэвүүртэй адил харагддаг аж. 

Өвлийн олимпын үеэр энэ ордонд хоккейн тэмцээн уралдааны болно. 

 

“Укэсон” спортын төв 

Энэ төв мөн л Бээжин -2008 олимпод ашиглагдаж байсан. Тухайн үед энд сагсан бөмбөгийн тэмцээн болж байсан бол олимпын дараа олон төрөлт спортын төв болгон ашигласаар иржээ. 


"Укэсон" төв нь 18 мянган үзэгчийн багтаамжтай. Энэ төв болон Улсын спортын ордонд Бээжин-2022 олимпын хоккейн тэмцээнүүд болох юм. 


Үндэсний тэшүүрийн цэнгэлдэх хүрээлэн 

 

2022 оны олимпод зориулан Олимпын цэцэрлэгт хүрээлэнд барьсан цорын ганц спортын байгууламж нь энэ. “Мөсөн тууз” гэсэн нэртэй болсон энэ цогцолборт тэшүүрийн спортын тэмцээнүүд болох аж. 

Нийслэлийн спортын ордон 

Энэ ордон 1968 онд баригдсан, спортын чухал арга хэмжээг хэдэнтээ энд зохион байгуулж байсан бөгөөд тэдгээрийн нэг болох НБА тэмцээнийг анх Хятадад зохион байгуулахад энэ цогцолборыг ашиглаж байжээ. 2008 оны олимпын үеэр энэ ордонд волейболын тэмцээн зохион байгуулагдаж байв. Харин өвлийн олимпын үеэр шорт-трек, уран гулгалтын тэмцээн болох аж. 

"Биг-эйр Шоген" трамплин 

2022 оны олимпын хамгийн сонирхолтой спортын байгууламж нь "Биг-эйр Шоген" трамплин. Энэ трамплинийг ган цутгамлын үйлдвэрийн суурин дээр барьсан бөгөөд ар талд нь дөрвөн асар том хөргүүрийн цамхагууд харагдана. 

Бээжингийн олимпын тосгон 

Энэ тосгонд мөсөн төрлийн тамирчдыг байршуулах бөгөөд 2300 тамирчин, албаны этгээдийг байршуулах боломжтой. Олимп, Паралимпийн дараа энэ байрнуудыг түрээслэх гэнэ. 

ЯНЬЦИН БҮС


Бээжингээс 75 км зайд орших Яньцинд Хятадын Цагаан хэрэмийн жуулчин хамгийн ихээр татдаг хэсэг болох Бадалин байдаг. Яньциний спортын объектуудад уулын цана, бослей%, склетон, чарганы тэмцээнүүд болох аж. 

Үндэсний чарга-бобслейн төв 

Яньциний энэхүү төв нь Хятадын нутаг дэвсгэр дэх анхны, Ази дахь гурав дахь зам юм. Энэ төв 2000 суудалтай, 8000 үзэгч зогсож тэмцээн үзэх боломжтой. 

Үндэсний уулын цанын төв 


Яньцинаас баруун хойд хэсэгт байх Сяохайто ууланд энэ цогцолбор байрлана. Энд долоон цанын зам байдаг. Цогцолборт 5000 суудал байх бол 3500 үзэгч зогсоогоор тэмцээн үзэх боломжтой. 

Яньциний олимпын тосгон 

Энэ тосгоныг Хятадын уламжлалт соёлын үнэт зүйлс болон байгаль орчныг хамгаалах сэдвийг багтаан хойд Хятадын уулын тосгодын зарчмаар байгуулжээ. Олимпын үеэр энэ тосгонд 1430 хүн байрлуулах боломжтой. 

ЖАНЖЯКОУ БҮС

 
Жанжякоу нь Бээжингээс баруун хойд хэсэгт 180 км зайд байрлах алдартай цанын бүс юм. Шинэ төмөр замын ачаар олимпын зочид цагийн дотор олимпын аль ч бүс рүү зорчих боломжтой. Жанжякоуд уулын цана, биатлон, трамплинаас үсрэлт, фристайлын тэмцээнүүд болох юм. 


Үндэсний биатлоны төв 

Үндэсний биатлоны төв Хэбэй мужийн Жанжякоу тойрогт байрладаг бөгөөд энэ төвд олимпын биатлоны хөтөлбөрийн 11 багц шагналын төлөө тамирчид өрсөлдөнө. 

Трамплинаас үсрэлтийн үндэсний төв 


Энэ төвд трамплинаас үсрэлтийн тэмцээн болно. Олимпын дараа энэ төвийг Хятадын шигшээ багийн бэлтгэлийн бааз болон жуулчны төв болгон ашиглах юм байна. 

Үндэсний цанын төв 
 

Шинэ Үндэсний цанын төв нь цана болон цанын хос төрлийн уралдаанууд болно. Олимпын дараа энэ төвийг өөрчлөн зохион байгуулж, суурин дээр нь кемпийн хэсэгтэй хүрээлэн, задгай мөсөн төв байгуулагдах аж. 

Геньтиний цасан парк 
 

Цасан парк одоо үйл ажиллагаа явуулж буй уулын цанын амралтын газарт байрлаж байна. Фристайл, сноубордын тэмцээн болж өнгөрсний дараа түр хугацаанд байрлуулсан замуудыг салгаж, объектыг эздэд нь урьдын байдлаар хүлээлгэн өгөх аж. 
 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин