Алматыд терроризмын эсрэг тусгай ажиллагааны улмаас зам хаажээ
2022-01-19

Казахстаны Алматы хотын зарим гудамжны замын хөдөлгөөнийг хаахаар болжээ. Энэ нь терроризмын эсрэг тусгай ажиллагаа явуулахтай холбоотой гэж хотын цагдаагийн газрын хэвлэлийн алба мэдээлснийг ТАСС агентлаг дамжуулсан байна.

 

Терроризмын эсрэг тусгай ажиллагаа явуулахтай холбоотойгоор хэд хэдэн гудамжны хөдөлгөөн хаах тул иргэдийг түр хугацааны арга хэмжээг ойлгон хүлээн авахыг уриалж, хөдөлгөөний чиглэлээ урьдаас зохицуулж, замын хөдөлгөөний дүрмийг баримтлахыг анхааруулсан байна. 

 

Эргэн сануулахад, нэгдүгээр сарын хоёрны өдөр Казахстаны хэд хэдэн суурин газруудад хийн үнийг эсэргүүцсэн жагсаал болж, хэд хоногийн дараа олныг хамарсан эмх замбараагүй байдал болон хувирсан юм. Энэ үеэр Алматы болон бусад хотуудад цагдаа, цэргийнхэн болон төрийн байгууллагынхан руу халдаж үймээн газар авсан. Улмаар Казахстаны удирдлагууд Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагаас тусламж хүсэн, энэ байгууллагын энхийг сахиулагчид Казахастаны чухал объектуудыг хяналтдаа авсан бол энэ улсын хууль сахиулагчид терроризмын эсрэг ажиллагааг эхлүүлсэн, нөхцөл байдал хэвийн болсон ч тусгай ажиллагаа хараахан дуусаагүй хэмээн мэдэгдэж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин