77 хүн хөнөөсөн Брейвик хугацаанаасаа өмнө суллагдах хүсэлт гаргажээ
2022-01-20 09:00

XXI зууны хамгийн хэрцгий алан хядагчдын нэг болсон Андерс Брейвикийг хугацаанаас нь өмнө суллах эсэх талаарх шүүхийн сонсгол Норвегид мягмар гаригт эхэлжээ. 

 

Одоогоос 11 жилийн өмнө, 2011 оны долдугаар сарын 22-ны өдөр тэрбээр дэлбэрэх төхөөрөмж суурилуулсан автомашиныг Осло хот дахь засгийн газрын барилгын гадна дэлбэлж, найман хүний аминд хүрч, олон арван хүнийг шархдуулсан юм. Түүний аймшигт үйлдэл ингээд зогссонгүй.

 

Алуурчин нийслэлийнх ойролцоо байх, Норвегийн социал демократуудын залуусын жигүүрийн зуны лагерь ажиллаж байсан Утойя арлыг зорьсон юм. Брейвик социал демократуудын цагаачлалын бодлого улс оронд нь сөргөөр нөлөөлж байгаа гэж үздэг байсан тул тэднийг үзэн яддаг байжээ. Ингээд тэрбээр арал дээр ирмэгцээ автомат буугаар гал нээж, 69 хүнийг буудсан бөгөөд тэдний ихэнх нь өсвөр насныхан байв. 

 

Шүүх түүнийг хэрэг хүлээх чадвартай гэж үзэн, хуулинд тусгасан ялын хамгийн дээд хэмжээ болох 21 жилийн хорих ял оноосон юм. Андерс Брейвик шоронгийн камерт ганцаараа хоригдож байгаа юм. Түүний хоригдож буй камер нь хоёр өрөө, угаалгын өрөө, бие засах өрөөтэй, тавилга, хөргөгч, телевизор, интернетэд хязгаарлалттайгаар орох компьютертэй гэнэ.

 

Тэрбээр шоронд 10 жил суусны эцэст хугацаанаасаа өмнө суллагдах хүсэлт гаргах эрхээ эдлэн, шүүхэд хандсан байна. Шүүхийн сонсгол гурван өдөр үргэлжлэх бөгөөд ялтан нийгэмд аюул учруулах эсэхэд анхаарал хандуулна гэж прокурор мэдэгджээ. Харин шинжээчид алан хядагчийг хийсэн үйлдэлдээ огт гэмшээгүй нь шүүхэд орж ирээд нацист байдлаар мэндчилснээс нь харагдаж байна хэмээн үзэж байгаа аж. Тэрбээр 2012 онд анх шүүхээр орохдоо амиа алдсан өсвөр насныхны эцэг эхчүүдийн өөдөөс харж ийнхүү нацист хэв маягаар мэндчилж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Жинхэн эх оронч хүн үзэл бодолоо л буруу аргаар илэрхийчихсэн л болохоос
2022-01-24
Gargachih hergetei dee...horvoo shiitgeh bailgyi dee
2022-01-20