Ундны ус тээвэрлэсэн Японы цэргийн онгоцууд Тонгаг зорино
2022-01-20

Усан доорх галт уул дэлбэрч, цунами нүүрлэсэн Тонга улсын оршин суугчдад тусламж үзүүлэхийн тулд Японы Батлан хамгаалах яам бүхий л хүчин чадлаа дайчилна гэж Японы Батлан хамгаалахын сайд Нобоу Киси мэдэгджээ.

 

"Тонгад байгалийн гамшгаас болж хохирсон хүмүүсийг дэмжихийн тулд Батлан хамгаалах яам бүхий л хүчин чармайлтаа дайчилна. Үүнтэй холбоотойгоор бид Япон болон хилийн чанадад байгалийн гамшгийн хор уршгийг арилгах арвин туршлагатай Батлан хамгаалахын хүчнээ хөдөлгөх төлөвлөгөөтэй байна" хэмээн Нобоу Киси мэдэгдсэнийг NHK дамжуулжээ.

 

Батлан хамгаалахын сайдын мэдэгдсэнээр, Японы цэргийн тээврийн хоёр онгоц ундны ус тээвэрлэн Австралийг зорих бөгөөд улмаар энэ тивээс арлын оршин суугчид руу ундны усыг хүргэх юм байна. Түүнчлэн галт уулын үнс нурмыг цэвэрлэх төхөөрөмжийг хүргэх нисдэг тэргийг тээвэрлэсэн цэргийн тээврийн хөлөг онгоцыг илгээх гэнэ. Мөн Японы зургаан цэргийн алба хаагч Австралийн нутаг дэвсгэр дээр хохирлын мэдээлэл цуглуулах, бусад орнуудтай хамтран ажиллах штаб нээн ажиллах юм байна.

 

Эргэн сануулахад, Тонга дахь Хунга-Тонга-Хунга-Хаапай галт уул нэгдүгээр сарын 14-ний өдөр сэргэсэн юм. Нэгдүгээр сарын 15-ны өдөр хүчтэй дэлбэрэлтийн улмаас цунами үүсэж, Тонга улсын нийслэл Нукуалофа хот ихээхэн хохирол амссан байна. Энэ бүлэг арлын ихэнх арлууд үнс нурманд дарагдсан байгаа нь хүмүүсийн эрүүл мэндэд аюул учруулж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин