Алматыд үймээний үеэр амиа алдсан хүмүүсийн дурсгалд зориулан цогцолбор байгуулна

Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев үймээний үеэр амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх сүмийн загварыг шалгаруулах тэмцээн зохион байгуулах үүргийг Алматы хотын эрх баригчдад өгчээ. Энэ сүмд цаашлаад 2022 оны нэгдүгээр сарын үйл явдлын дурсгалын газар байгуулах гэнэ.
Алматы хотын даргын мэдэгдсэнээр ойрын үед уралдааныг зарлах аж. Гэхдээ энэ дурсгалын цогцолбор хаана баригдах талаарх мэдээлэл өгөөгүй байна.
Эргэн сануулахад, нэгдүгээр сарын хоёрны өдөр шингэрүүлсэн хийн үнийн өсөлтийн улмаас Казахстанд эсэргүүцлийн жагсаал эхлэн, жагсагчдын шаардлагыг эрх баригчид биелүүлэн засгийн газраа огцруулж, хийн үнийг бууруулсан ч эсэргүүцэл намжаагүй юм. Ингээд нэгдүгээр сарын тавны өдөр эсэргүүцлийн жагсаал олныг хамарсан эмх замбараагүй байдал болон хувирч, Алматы хотод эдлгүүр банкийг тонон дээрэмдэж, нисэх буудал, цагдаагийн хэсэг, төрийн байгууллагуудыг эзлэн авч байлаа. Эсэргүүцлийг дарахаар арми илгээж, Казахстанд онц чухал объектуудыг хамгаалахаар Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын энхийг сахиулагчид ирж, үүрэг гүйцэтгэж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ