Австри бустер тунтай гадаадын иргэдийг нэвтрүүлнэ

img

Австри улс коронавирусийн цар тахалтай тэмцэх хүрээнд авч хэрэгжүүлсэн зарим арга хэмжээгээ сулруулахаар болсон талаар ВВС агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, нэгдүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн Австри руу бустер тун тариулсан гадаадын иргэд коронавирусийн шинжилгээ өгөлгүйгээр нэвтрэх боломжтой болох гэнэ. Харин омикрон хувилбар анхлан илэрсэн Африк тивийн 14 орон, түүнчлэн Дани, Нидерланд, Норвеги, Их Британиас ирэх иргэдэд энэ журам үйлчлэхгүй аж. 

 

Ийнхүү хязгаарлалтаа сулруулах болсон шалтгаан нь Австрид одоо халдварын тохиолдлын ихэнх хувь нь хэдийнэ омикрон хувилбар эзлэж байгаатай холбоотой гэнэ. Тиймээс ирэх даваа гаригаас эхлэн омикрон хувилбарын тархалт багатай орнуудаас вакцинд хамрагдсан эсвэл халдвар аваад эдгэрсэн, шинжилгээний сөрөг хариутай хүмүүсийг нэвтрүүлэхээр болжээ.

 

Харин гурав дахь тун вакцин тариулсан хүмүүс шинжилгээ өгөх шаардлагагүй гэнэ. Үүнээс өмнө Австри руу гурван тун вакцин тариулсан хүн энэ улсад ирэхээсээ 48 цагийн дотор өгсөн PCR шинжилгээний хариутай байх ёстой байсан юм.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ