COVID-19: Израилийн сургуулиудад дахин хөл хорио тогтоохгүй
2022-01-21 09:42

Израилийн эрх баригчид коронавирусийн халдвартай тэмцэх арга хэмжээгээ өөрчилсөн талаар ВВС агентлаг мэдээлжээ. 

Эх сурвалжийн мэдээлснээр, Израилийн дунд сургуулидад сурагчдын нэг нь коронавирусийн халдвар авсан тохиолдолд цаашид дахин хөл хорио тавихгүй гэнэ. Бүхий л сурагчдыг долоо хоногт хоёр удаа шинжилгээнд хамруулан, сургалтыг хэвийн үргэлжлүүлнэ гэж Израилийн Ерөнхий сайд Нафтали Беннет мэдэгджээ. 

 

Шинэ журам нэгдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн үйлчлэх бөгөөд сурагчид Израильд хичээлийн долоо хоног эхэлдэг ням гаригт болон лхагва гаригт хичээлдээ ирэхээсээ өмнө шинжилгээнд хамрагдах аж. Шинжилгээний хариу нь эерэг гарсан сурагчид хичээлдээ явахгүй юм байна. Коронавирусийн шинжилгээг гэртээ хийхийн тулд сурагчдад үнэ төлбөргүйгээр тест тараах гэнэ.

 

Израилийн Ерөнхий сайдын мэдэгдсэнээр тус улс дахь омикрон штаммын өвчлөлийн давлагаа оргилдоо хүрсэн аж. Гэхдээ "энэ штамм аюул багатай, өмнөхтэй харьцуулахад омикроны давлагаа хурдан дуусна" хэмээн Беннет мэдэгджээ.

 

Энд дуулгахад, цар тахал дэгдсэнээс хойш Израильд коронавирусийн халдварын 2.1 сая гаруй тохиолдол илэрч, үүнээс 8.3мянган хүн нас баржээ. Өнгөрсөн оны 12 дугаар сард Израильд коронавирусийн тав дахь давалгаа эхэлсэн бөгөөд дархлаа султай болон 60-аас дээш насныхныг дөрөв дэх тун вакцинд хамруулж эхэлсэн юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин