Хятадад халдварын сэжигтэй хүмүүсийг тусгай хуаранд тусгаарлаж байна
2022-01-21 10:26

Тун удахгүй Хятадын нийслэл Бээжин хотноо Өвлийн олимпын наадам эхэлнэ. Энэ олимпыг зохион байгуулахын тулд БНХАУ-ын эрх баригчид "тэг ковид" буюу халдварыг огт тархаахгүй байх бодлого баримталж байгаа юм. Гэсэн ч тус улсын олон хотод халдвар дэгдэж, харин цөөн тохиолдол илэрсэн ч хатуу бодлогынхоо хүрээнд хөл хорио, бүх нийтийг шинжилгээнд хамруулах ажил хийж байгаа аж. 

 

Үүний хүрээнд коронавирусийн халдварын сэжигтэй хүмүүсийг тусгаарлах хөл хорионы хуарангуудыг Хятадын хэд хэдэн хотод байгуулжээ. Өнгөрсөн долоо хоногт Хятадын олон нийтийн сүлжээгээр ийм хуарангийн дүрс бичлэг цацагдсан байна. 

 

Дүрс бичлэг дээр шигүү байршуулсан, хэд хэдэн эгнээ төмөр чингэлгүүд байх аж. Энд коронавирусийн халдварын сэжигтэй хүмүүс хоёр долоо хоногийн туршид тусгаарлагдах ёстой гэнэ. Тусгаарлалтын чингэлэг бүрт бие засах өрөө мөн модон ор байрлуулжээ. 

 

Хятадын Тяньжинь болон Сиань хотуудад байгуулсан хөл хорионы төвүүд рүү халдварынх сэжигтэй хүмүүсийг тусгай автобусаар зөөн хүргэдэг гэнэ. 

 

Түүнчлэн Хятадын эрх баригчид халдвар илэрсэн хот, дүүргийг бүхэлд нь хааж, тусгаарлалтад оруулж байгаа бөгөөд одоо энэ улсад 20 сая орчим хүн тусгаарлалтад байгаа аж. Өнгөрсөн оны сүүлээр 13 сая хүн амтай Сиань хотыг хөл хорионд оруулсны дараа Аньян болон Южоу хотуудад хөл хорио тавьсны дараа ийнхүү тусгаарлалтад байгаа хүмүүсийн тоо нэмэгдсэн байна. Эдгээр хотуудад омикрон штаммын халдвар илэрсэн тул ийнхүү хот даяараа хөл хорионд оржээ. 

 

ВВС агентлагийн мэдээлснээр, Сиань хот дахь хөл хорионы хуарангууд руу жирэмсэн эмэгтэй, хүүхдүүд, ахмад настнуудыг ч илгээсэн гэнэ. Жижиг төмөр чингэлэгт 14 хоноод гарч ирсэн хүмүүс тусгаарлагдах үед хоол хүнс бага, хүйтэн орчинд байсан гэж олон нийтийн сүлжээнд бичсэн байна. 

 

Энд дуулгахад, Сиань хотын нэгэн хорооллын оршин суугчдыг нэгдүгээр сарын нэгний шөнө дунд гэнэт сэрээн, гэрээсээ гарч, хөл хорионы хуарангууд руу явах ёстойг нь дуулгаж байжээ. Тухайн үед орон сууцны хороололд 30 автобус ирж, хүмүүсийг зөөсөн гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Хүн төрөлхтний тоо толгой цөөрсөөр байвал байгаль орчин экологид сайнаар нөлөөлнө.
2022-01-21