ФОТО: Галт уулын дэлбэрэлт, цунамигийн дараах Тонгагийн төрх
2022-01-21 12:00

Галт уулын дэлбэрэлтээс үүдэлтэй цунамигийн улмаас ихээхэн хохирол амссан Тонга улсад нэгдүгээр сарын 20-ны өдөр хүмүүнлэгийн ачаа тээвэрлэсэн анхны онгоц газарджээ. Энэ онгоцоор ундны ус, хүнс, эм бэлдмэл хүргэсэн байна. 

 

Өнгөрсөн бямба гаригт арлын энэ улсад усан доорх Хунга-Тонга-Хунга-Хаапай галт уул оргилсон юм. Байгалийн гамшгийн улмаас гурван хүн амиа алдсан гэх мэдээлэл байна. Гамшгийн улмаас харилцаа холбооны сүлжээ гэмтэж, улмаар энэ арал тав хоногийн туршид гадаад ертөнцтэй холбоо харилцаагүй болсон юм.

 

Тонга улсын цорын ганц олон улсын нсиэх буудлын хөөрөх, газардах зурвас үнс нурманд дарагдсан байсан бөгөөд пүрэв гаригт л олон зуун аврагч, сайн дурынхны хүчээр зурвасыг цэвэрлэсний дараа ийнхүү онгоц газарджээ.

 

 

Тонгад газардсан анхны онгоц нь Шинэ Зеландын Агаарын цэргийн хүчний онгоц байлаа. Энэ онгоц цахилгаан үүсгүүр, майхан, ариун цэврийн хэрэглэл, эмнэлгийн анхны тусламж болон холбоо харилцааны хэрэгсэл тээвэрлэн авчиржээ.

 

Түүнчлэн пүрэв гаригт энэ арал дээр Австралийн онгоц газардсан бөгөөд энэ онгоцонд олон ачаа тээвэрлэж ирсний дотор үнс нурам цэвэрлэх орчин үеийн багаж төхөөрөмжүүд ч байсан гэнэ. Энэ багажийг авчрах хүртэл нутгийн оршин суугчид хүрз, шүүр ашиглан үнс нурмыг цэвэрлэж байсан гэнэ.

 

 

Арлын ихэнх хэсгийг бүрхсэн зузаан үнс нурам, ундны усны хомсдол энэ улсын хүн амд ноцтой аюул занал учруулж байгаа талаар ВВС агентлаг мэдээлсэн байна.

 

Shuud.mn
Сонин хачин