Ковидын хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал мөргөлдөөнөөр өндөрлөв
2022-01-24

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Европын нийслэлүүд болон томоохон хотуудад коронавирусийн цар тахалтай тэмцэх зорилгоор нэвтрүүлсэн вакцины гэрчилгээг эсэргүүцсэн жагсаал болж өнгөрлөө. 

 

Ням гаригт Бельгийн нийслэлд олон мянган хүн цугласан эсэргүүцлийн жагсаал болсон байна. Тэд өөрсдийгөө ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хамгаалахаар нэгдсэн хэмээснэ бөгөөд Европын холбооны офисуудын ихэнх нь байрладаг Европын дүүрэг хүртэл алхжээ. 

 

Анхандаа тайван эхэлсэн энэ жагсаал удалгүй эмх замбараагүй байдалд шилжсэн байна. Ийнхүү эмх замбараагүй байдалд шилжих болсон шалтгаан нь жагсагчдаас хэсэг бүлэг хүмүүс Европын холбооны гадаад харилцааны албаны барилга руу дайрсантай холбоотой аж. ТАСС агентлагийн мэдээлснээр эсэргүүцэгчид болон цагдаагийнхны хооронд мөргөлдөөн гарч, жагсаалыг тараахын тулд усан буу, нулимс асгаруулагч хий ашиглаж, хэд хэдэн хүнийг баривчилжээ. 

 

Брюссель хотоос гадна Францын нийслэл Парис хотод ч вакцины гэрчилгээ нэвтрүүлснийг эсэргүүцсэн жагсаал болж өнгөрлөө. Энэ хотод даваа гаригаас эхлэн үзвэр үйлчилгээний газруудаар вакцины гэрчилгээтэй тохиолдолд л үйлчлүүлэх боломжтой болсныг иргэд ийнхүү эсэргүүцжээ.

 

Мөн Каталонид эсэргүүцлийн жагсаал болсон бөгөөд жагсагчид амны хаалтгүй, хүн хоорондын зай баримтлалгүй жагссан байна. Швед улсад 3000 орчим хүн цуглан вакцины гэрчилгээг эсэргүүцэн, Стокгольмын төв хэсгээр алхаж, төв талбай руу хүрсэн бол Хельсинкид 4000 орчим хүн мөн л гэрчилгээ эсэргүүцэн бямба гаригт жагсжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин