Чилийн Засгийн газрын сайд нарын ихэнх суудлыг эмэгтэйчүүд эзлэв
2022-01-25

Чили улсын шинэ Ерөнхийлөгч Габриэль Борич Засгийн газрын шинэ танхимын 24 сайдын нэрийг зарласан нь олны анхаарлыг ихээр татлаа. 

 

Анхаарал татах болсон шалтгаан нь 24 сайдын 14 нь эмэгтэйчүүд байгаа юм. Ийнхүү сайд нарын ихэнх нь эмэгтэйчүүд байгаа нь Өмнөд Америкийн энэ улсын улс төрийн түүхэнд урьд хожид тохиолдож байгаагүй үйл явдалд тооцогдож байна. Түүгээр ч зогсохгүй улс орны гол яамд тооцогддог Дотоод хэргийн яам, Гадаад хэргийн яам, Батлан хамгаалах яам, Эрүүл мэндийн яам, Шүүхийн яамыг эмэгтэйчүүд тэргүүлэхээр болсон байна. 

 

Шинэ сайд нарын танхимыг танилцуулан мэдэгдэл хийхдээ Борич "энэ багт янз бүрийн гарал үүсэлтэй, төрөл бүрийн насныхан багтсан, учир нь Чилид амьдарч байгаа хүмүүс өөр өөр байдаг нь манай улсын баялаг гэдэгт бид и итгэлтэй байдаг" хэмээн цохон тэмдэглэсэн байна. 

 

Энд дуулгахад, өдгөө 35 настай зүүний хүчний улс төрч Габриэль Борич 2021 оны 12 дугаар сард Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан юм. Тэрбээр сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа үеэр "Чилийн эцгийн эрхэт ёсыг нэг мөр ардаа орхиж", эмэгтэйчүүд улс орны улс төрийн амьдралд орох илүү өргөн боломж олгоно гэж мэдэгдэж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Улс болгон дор бүрнээ хичээх хэрэгтэй. Арчаатай байх хэрэгтэй.
2022-01-25