Бээжинд ирсэн Олимпын оролцогчдоос дахин зургаан халдварын тохиолдол илрэв
2022-01-25

Ирэх сарын дөрөвний өдөр нээлтээ хийх Бээжин-2022 олимпод оролцогчид Хятадын нийслэлийг зорьсоор байна. Коронавирусийн цар тахлын нөхцөлд зохион байгуулагдаж байгаа тул Хятадын эрх баригчид халдвар хамгааллын дэглэмийг нарийвчлан баримталж, ирж буй бүх хүнээс коронавирусийн шинжилгээ авч байгаа юм. Эхний ээлжинд ирсэн оролцогчдоос коронавирусийн шинжилгээ авахад 72 тохиолдол илэрсэн талаарх мэдээлэл гарч байлаа. Энэ тоо дахин нэмэгджээ. 

 

Хятадын эрх баригчдын мэдэгдсэнээр, Бээжингийн олимпод ирсэн хүмүүсийн дундаас зургаан хүнээс коронавирусийн халдвар илэрсэн байна. Тодруулбал, нэгдүгээр сарын 23-ны өдөр Хятадад гадаад орнуудаас 529 хүн ирсэнээс 153 нь тамирчин болон албаны этгээдүүд, 376 нь "бусад сонирхогч талуудын төлөөлөгчид" байсан гэж Олимп зохион байгуулах хороо мэдээлжээ. 

 

Тэднээс PCR шинжилгээ авахад халдварын дөрвөн тохиолдол илэрсэн байна. Нэг тохиолдол нь тамирчид, албаны этгээдүүдийн дундаас илэрсэн бол гурав нь сонирхогч талуудын төлөөлөгчид дундаас илэрсэн аж. Харин өөр хоёр тохиолдол нь өмнө нь ирээд шинжилгээ өгсөн хүмүүсийн дундаас батлагджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин