Буркина-Фасод цэргийнхэн бослого гаргаж, ерөнхийлөгчөө баривчилжээ
2022-01-25

Буркина-Фасо улсын цэргийнхэн тус улсын Ерөнхийлөгч Марк Кристиан Каборег баривчлан, армийн баазад хорьсон хэрэг нэгдүгээр сарын 24-ний өдөр гарчээ. Энэ талаар олон улсын хэвлэл мэдээллийн агентлагууд дамжуулсан байна. Цэргийнхэн Ерөнхийлөгчийг огцрохыг шаардаж байгаа талаар ТАСС агентлаг мэдээлжээ. 

 

Эсэргүүцэл гарах шалтгаан

 

Сахар болон Гвинейн булан хооронд байрладаг  Буркина-Фасо улсад  2015 оноос эхлэн Исламын улс зэрэг алан хядах бүлэглэлүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулах болсон юм. 2021 онд гэхэд л алан хядагчид 2000 гаруй энгийн иргэнийг хөнөөжээ. Мөн энэ улсын 1,5 сая хүн амын долоон хувь нь дүрвэсэн байна. 

 

2019 оноос эхлэн энэ улсын гуравны нэгийг эзлэх нутаг дэвсгэр дээр онц байдлын дэглэм үйлчилж байгаа. 2022 оны нэгдүгээр сарын эхээр Ерөнхий сайд Лассина Зербо мэдэгдэл хийхдээ терроризмын улмаас улс орны бүрэн бүтэн байдалд аюул занал учирж байгааг онцолж байв. 

 

Өнгөрсөн оны 11 дүгээр сард зэвсэглэсэн исламистууд 49 цэргийн алба хаагч, дөрвөн энгийн иргэнийг алтны уурхайн орчимд хөнөөсний дараа олныг хамарсан эсэргүүцэл дэгдсэн байна. Эсэргүүцэлд оролцогчид аюулгүй байдлыг хангах тал дээр эрх баригчид хангалтгүй ажиллаж байгаад дургүйцэж байсан юм.

 

Нөхцөл байдал хурцадсан нь

 

Ерөнхийлөгч Каборе 2021 оны 12 дугаар сард эсэргүүцэгчдийн шаардлагыг хүлээн авч, Ерөнхий сайд болон зэвсэгт хүчний командлагчдыг сольсон. Хэдийгээр нөхцөл байдал намжих тийшээ хандаж байсан ч 2022 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр төрийн эргэлт хийхээр бэлдсэн хэрэгт сэжиглэгдэн хэсэг цэргийн алба хаагчид баривчлагдсан бол Фейсбүүк улс орны нөхцөл байдлыг тогтворгүйжүүлэх нэг хэрэгсэл болж байна гэж үзэн нэгдүгээр сарын 19-ний өдөр энэ олон нийтийн сүлжээг хаасан байна. Түүнчлэн интернет ч тасалдаж байгаа талаарх мэдээлэл гарч байлаа. 

 

Нэгдүгээр сарын 22-ны өдөр энэ улсын нийслэл Уагадугу хотод эсэргүүцэл эхэлж, бүлэг залуус гудамжуудыг машины дугуйгаар хаан, цагдаагийнхан руу чулуу шидэж, төрийн удирдлагуудыг огцрон, цэргийнхэнд эрх мэдэл шилжүүлэхийг шаардаж байлаа. Жагсагчдыг тухайн үед нулимс асгаруулагч хий ашиглан тарааж байжээ.

 

Цэргийнхэн боссон нь

 

Нэгдүгээр сарын 23-нд шилжих шөнө Ерөнхий штаб байрлах Сангуле-Ламизана цэргийн бааз дээр буун дуу гарсан талаарх мэдээлэл цацагдав. Энэ бааз дээр буудалцаан гарсан бөгөөд "цэргийнхний зүгээс дургүйцлээ илэрхийлсэн үйлдэл" гэж эрх баригчид мэдэгдсэн юм. 

 

Цэргийнхэн Ерөнхийлөгчийг огцрох, Армийн командлалыг солих, исламистуудтай тэмцэхэд нэмэлт хөрөнгө гаргах, амиа алдсан цэргийн алба хаагчдын ар гэрт нөхөн төлбөр олгохыг шаардаж байлаа. 

 

Нэгдүгээр сарын 23-ны өдөр Буркина-Фасод үүрэн холбооны сүлжээ тасарч, мөн өдрийн үдэш нийслэлд нь олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал дахин гарсан бөгөөд эсэргүүцэгчид эрх баригч намын төв байрыг шатаажээ. Ингээд эсэргүүцэгчид цэргийнхэнтэй нэгдэж байгаагаа зарласан байна.

 

Ерөнхийлөгчийг баривчилсан нь

 

Ерөнхийлөгч Каборег нэгэн цэргийн бааз дээр баривчлан саатуулж байгаа талаарх мэдээлэл нэгдүгээр сарын 24-ний өдөр гарав. Блүмберг агентлагийн мэдээлснээр, цэргийнхэн түүнийг огцрох өргөдөлд гарын үсэг зурахыг шаардаж байсан гэнэ. Өнөөдөр гарсан мэдээллээр Ерөнхийлөгч огцрох хүсэлтээ гаргажээ.

 

Энэ бүс нутагт чухал нөлөө үзүүлдэг Баруун Африкийн орнуудын эдийн засгийн нийгэмлэг одоогоор засгийн газрын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд босогчдыг эрх баригчидтай хэлэлцээ хийхийг уриалж байгаа юм. 

 

Өдгөө 64 настай Каборе олон нийтийн эсэргүүцэл, цэргийн эргэлтийн дараа өмнөх Ерөнхийлөгчийг суудлаас нь буулгасны дүнд 2015 оноос энэ улсыг удирдаж байгаа юм. Өмнөх Ерөнхийлөгч Блэз Компаоре 1987 оноос хойш Буркина-Фасог удирдаж байжээ. Компаоре ч мөн төрийн эргэлтийн дүнд ерөнхийлөгчийн суудалд сууж байв.

 

Нэгдүгээр сарын 24-ний өдөр 14 цэргийн алба хаагчаас бүрдсэн бүлэг "Хамгаалах, сэргээн мандуулахын төлөөх эх оронч хөдөлгөөн"-ий гарт төрийн бүх эрх мэдэл шилжсэн хэмээн мэдэгдсэн байна. Энэ хөдөлгөөнийг дэд хурандаа Поль-Анри Сандаого Дамиба удирдаж байгаа аж. 

 

Цэргийнхэн Үндсэн хууль үйлчлэхээ больсон, засгийн газар болон парламент тарсан хэмээн мэдэгдэж, улсынхаа хуурай замын болон агаарын хилүүдийг бүгдийг нь хаасны дээр 21.00-05.00 цагийн хооронд хөл хорих цаг тогтоожээ.

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин