Монголын төрийн тэргүүний унаж байсан ЗИЛ машиныг Парист дуудлагаар худалдана
2022-01-26

Францын нийслэл Парис хотноо гуравдугаар сарын 18-ны өдөр болох Artcurial дуудлага худалдаагаар Монголын төрийн тэргүүний ашиглаж байсан ЗИЛ-114 лимузинг худалдана гэж mag.auto.ru мэдээлжээ. 

 

Энэ машиныг 1967 онд үйлдвэрлэсэн бөгөөд БНМАУ-ын төрийн тэргүүнд зориулагдсан байсан гэнэ. Лимузин ховор, эрт үеийнх ч гэлээ харьцангуй багаар буюу 40-60 мянган еврогоор үнэлэгдсэн байна. Ийм үнэтэй байгаа нь машины техникийн байдалтай холбоотой гэж эх сурвалж мэдээлжээ. 

 

Энэ лимузин Улс орнуудын төрийн тэргүүнүүдийн машинуудын музейд удаан хугацаанд хадгалагдаж байсан, 2004 онд цуглуулагч Пол Танри энэ машиныг худалдан авчээ. Тухайн үед ЗИЛ-114 хэвийн ажиллагаатай байсан ч сүүлийн арав гаруй жил огт хөдөлгөөнгүй зогсоосон байна.

 

ЗХУ-ын Лихачёвын нэрэмжит үйлдвэрт 1967-1978 оны хооронд ЗИЛ-114 загварын 113 машин үйлдвэрлэжээ. Эдгээр машинуудыг 7,0 литрийн багтаамжтай найман цилиндрт хөдөлгүүрээр тоноглодог байсан гэнэ. Лимузин 190 км/цаг хүртэл хурдлах чадвартай байжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин