Омикрон штамм гадаргуу дээр хамгийн удаан тогтдог
2022-01-26 12:26

Коронавирусийн омикрон штамм хурдацтай тархаж байгаа нь энэ штамм зарим төрлийн гадаргуу дээр удаан тогтдогтой шууд холбоотой гэнэ. Ийм дүгнэлтийг Японы Киотогийн Анагаах ухааны их сургуулийн эрдэмтэд хийжээ. 

 

Эрдэмтдийн судалгаанд өгүүлснээр, омикрон штамм нь бусад штаммтай харьцуулахад хуванцар эд зүйл, хүний арьсан дээр илүү удаан тогтон, амьдардаг гэнэ.

 

Тодруулбал, коронавирусийн анхдагч хувилбар болох ухань штамм хуванцар дээр 56 цаг, дельта штамм 114 цаг тогтдог аж. Харин омикрон штамм хуванцар гадаргуу дээр ойролцоогоор 193,5 цаг тогтдог байна. Энэ шалтгааны улмаас омикрон штамм өмнөх хувилбаруудаасаа хурдацтай тархан, үржиж байгаа гэж эрдэмтэд үзжээ.

 

Анх 2021 оны 11 дүгээр сард Өмнөд Африкт бүртгэгдсэн коронавирусийн омикрон штамм өдгөө дэлхийн ихэнх оронд тархаад байна. Энэ штаммын халдварлах чадвар бусад хувилбартай харьцуулахад нэн өндөр байгаа тул сүүлийн үед дэлхий дахинд халдварын тоо эрс өсөж байгаа талаар ДЭМБ мэдээлсэн юм. 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин