Дараалалд зогсож, мөнгө олдог эр
2022-01-27

Лондон хотын 31 настай түүхч, зохиолч Фредди Беккит хоёр дахь "мэргэжил"-ээ олжээ. Тэрбээр бусдын өмнөөс дараалалд зогсож өгөн мөнгө авдаг бөгөөд энэ нь муугүй орлого авчирдаг хэмээн ярьсан байна. 

 

Беккит энэ ажлаа гурван жил хийж байгаа гэнэ. "Би олон цаг дараалалд зогсож чадна, энэ нь миний хувьд урлагийн нэг төрөл" хэмээн Беккит сэтгүүлчдэд ярьжээ.

 

Дараалалд зогсож цаг алдахын оронд мөнгө төлөх нь амар санагддаг чинээлэг, завгүй хүмүүс түүгээр үйлчлүүлдэг гэнэ. Беккит нэг цаг дараалалт зогсоод 20 фунт буюу монгол мөнгөөр 70 гаруй мянган төгрөг авдаг аж.

 

"Үүнээс илүү хөлс авч болохгүй гэж боддог. Учир нь үүнд ямар нэг дадал, туршлага шаардлагагүй, мөн хүнд ч ажил биш" хэмээн Беккит өгүүлсэн байна.

 

Беккит орлого сайтай өдрөө 160 фунт олдог, гэхдээ ийм тохиолдол тун цөөн аж. Учир нь дараалал нэг их урт байдаггүйн дээр түүний үйлчлүүлэгчид ч цөөн аж. Түүний хамгийн удаан ажилласан нь найман цаг байсан гэнэ. Тэрбээр Кристиан Диорын үзэсгэлэн Лондонд гарах үеэр завсарлагагүйгээр найман цаг дараалалд зогсжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин