"Фукушима-1"-ийг хавдар үүссэнд буруутган, шүүхэд өгчээ
2022-01-28

Японы гурван залуу бамбай булчирхайн хавдартай болсондоо "Фукушима-1" атомын цахилгаан станцыг буруутган, оператор компанийг шүүхэд өгчээ. Тэд өвчнийх нь шалтгаан 2011 оны цөмийн сүйрэл гэж үзэж байгаа талаар ВВС агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, нэхэмжлэл гаргасан залуус Японы АЦС дээр осол гарах үед 6-16 настай байсан бөгөөд ослын улмаас тархсан цацрагийн хордлогын улмаас хавдар өвчин туссан гэж үзэж байгаа аж.

 

Шүүхэд хандсан 17-27 насны гурван залуугийн гэр бүлийнхний удамд хэнд ч ийм төрлийн өвчин илэрч байгаагүй гэнэ. Тэд хавдрын улмаас бамбай булчирхайгаа хэсэгчлэн эсвэл бүхэлд нь авахуулах мэс засалд оржээ. 

 

"Нэхэмжлэл гаргасан залуус дээд боловсрол олж авах, ажил олоход хүндрэлтэй байсан. Тиймдээ ч тэд ирээдүйн мөрөөдлөөсөө татгалзахаас аргагүй болсон юм" хэмээн хохирогчдын өмгөөлчг Кеничи Идо "Франс пресс" агентлагийн сэтгүүлчид ярьсан байна.

 

Одоо тэд цацрагийн улмаас хорт хавдар үүссэн гэдгийг нотлохоор хичээж байгаа бөгөөд "Фукушима-1" атомын цахилгаан станцын оператор болох Tokyo Electric Power Company компаниас 5,4 сая доллар нэхэмжилж байгаа аж. Компанийн тухайд ийм хэрэг үүсгэснийг мэдэж байгаа, нэхэмжлэлийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй болсон үедээ тайлбар өгнө хэмээн мэдэгджээ. 

 

"Фукушима-1"-ийн осол 

 

Одоогоос 11 жилийн өмнө 2011 оны гуравдугаар сарын 11-ний өдөр Японд хүчтэй газар хөдлөлт болж, улмаар цунами үүссэний улмаас "Фукушима-1" атомын цахилгаан станц дээр осол болсон юм. Атомын цахилгаан станцын хуваарилах төхөөрөмж, нөөцлүүр үүсгүүрүүд, батарей байдаг хонгилын хэсэг усанд автаж, улмаар станц огт цахилгаангүй болж, ослын хөргүүрийн систем ажиллагаагүй болсон.

 

Энэ нь 1986 онд Украинд болсон Чернобылийн сүйрлийн үеэс хойших атомын цахилгаан станц дээр гарсан хамгийн том сүйрэлд тооцогдож байлаа. Гэхдээ цацраг идэвхит йод бага алдагдсан тул орон нутгийн хүн амын эрүүл мэндэд Чернобылийн сүйрэл шиг ноцтой хохирол учруулаагүй юм. Гэсэн ч цацрагийн удаан хугацааны нөлөөлөл байсаар л байгаа гэж зарим эрдэмтэд үздэг. 

 

Харин өнгөрсөн жил НҮБ-ын шинжээчдийн бүлэг судалгаа хийгээд, 2011 оны байгалийн гамшиг хүн амын эрүүл мэндэд шууд нөлөөлөл үзүүлээгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн.Үүнээс өмнө,  2013 онд гаргасан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тайланд  сүйрэл тухайн бүс нутаг дахь хавдрын өвчлөл мэдэгдэхүйц нэмэгдэхэд нөлөөлөхгүй хэмээсэн байв.

 

Гэхдээ 2018 онд Японы засгийн газар нэг ажилчин цацрагийн хордлогын улмаас нас барсан гэдгийг хүлээн зөвшөөрч, ар гэрт нь нөхөн төлбөр олгохоор болж байлаа. 

 

Харин энэ удаад зургаан залуу оператор компанийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Японд олон нийтийн анхаарлыг татаад байна. Хэдийгээр албан ёсны мэдээллүүд эрүүл мэндэд төдийлөн сөрөг нөлөөгүй гэж гардаг ч "Фукушима-1" атомын цахилгаан станц байрладаг бүс нутгаас нүүлгэн шилжүүлсэн хүмүүс тухайн бүс нутагт аюулгүй гэдэгт одоо хэр нь итгэдэггүй, осол болсноос хойш 10 гаруй жилийн дараа ч орон гэртээ очих хүсэлгүй байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Хорт хавдар гэж цар тахал шиг халдварлаж байгаа аймшигт эдгэшгүй өвчин байнаа.
2022-01-28