Борис Жонсон Украиныг тойрсон нөхцөл байдлын улмаас Японд хийх айлчлаа цуцлав
2022-01-31

Их Британийн Ерөнхий сайд Япон руу хийхээр бэлтгэж байсан айлчлалаа цуцалжээ. Энэ талаар Японы Kyodo агентлаг мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Жонсон хоёрдугаар сарын дундуур Японд айлчлахаар төлөвлөж байсан ч энэ айлчлалаа цуцлахаар болж байгаа талаараа Японы талд мэдэгдсэн байна. Энэ шийдвэр нь олон шалтгаантай, тэр дундаа "Украиныг тойрсон нөхцөл байдал хурцадсанаас үүдэлтэй" гэж Британийн тал мэдэгджээ.

 

Их Британийн Ерөнхий сайд айлчлал хийхээр бэлтгэж байгаа талаар албан ёсны мэдээлэл гараагүй байсан. Гэхдээ нэгдүгээр сарын 29-ний өдөр Японы NHK телевиз Борис Жонсоныг хоёрдугаар сарын дундуур Японд айлчлан, Ерөнхий сайд Фумио Кисидатай хэлэлцээ хийнэ гэж мэдээлж байлаа. Талууд Хятад, Украины асуудал, коронавирустэй хийх тэмцэл зэрэг олон асуудлаар хэлэлцэхээр төлөвлөж байжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин