АНУ десантын цэргүүдээ Польшид байршуулж дууслаа

Польшид АНУ-ын 82 дугаар агаар-десантын дивизийн цэргийн алба хаагчид очжээ. Тэд Дорнод Европ дахь НАТО-ийн хүчийг зузаатгах нэмэлт арга хэмжээний хүрээнд ийнхүү Польшид байршихаар болсон талаар Польшийн Батлан хамгаалах яам мэдээлсэн байна.
"82 дугаар агаар-десантын дивизийн цэргүүд Польшид байршиж буй Америкийн цэргийн хүчийг зузаатгах юм. Удалгүй командлал цэргүүдийг байршуулах ажлыг дуусгана. Энэ дивизийн десантын цэргүүд өмнө нь хилийн чанад дахь ажиллагаа болон хамтарсан сургуулилалтын үеэр Польшийн цэргийн алба хаагчидтай хамтран зүтгэж байсан" хэмээн Батлан хамгаалах яамны мэдэгдэлд өгүүлжээ.
Түүнчлэн 18 дугаар агаар-десантын корпусын 300 цэргийн алба хаагч Америкийн баазуудад байршихаар Германд очсон байна. Тэднийг АНУ-ын Агаарын цэргийн хүчний тээврийн нисэх хүчин, Globemaster онгоцуудаар тээвэрлэжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ