Бээжин-2022: ОХУ медалийн тоогоор тэргүүлж байна
2022-02-07

Хоёрдугаар сарын зургааны ням гаригт зургаан багц медалийг дэлхийн улс орнуудын тамирчид хүртлээ. Төлөвлөгөө ёсоор долоон багц медалийн төлөө өрсөлдөх байсан ч цаг агаарын таагүй нөхцлийн улмаас уулын цаначдын тэмцээнийг хоёрдугаар сарын долооны өдөр болгон хойшлуулсан юм. Тиймээс өнөөдөр буюу хоёрдугаар сарын долооны даваа гаригт есөн багц медалийн төлөө тамирчид өрсөлдөх юм байна. 

 

Ням гаригийн байдлаар медалийн тоо, чансаагаар Норвеги, Швед, Орос улс эхний гурван байранд бичигдэж байна. Медалийн чансаагаар хоёр алт, нэг хүрэл медаль хүртсэн Норвеги тэргүүлж байгаа бол хоёр алтан медальтай Швед хоёрдугаарт бичигдэж байгаа юм. Харин Оросын тамирчид нэг алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэн чансаагаар гуравдугаарт, харин медалийн тоогоор тэргүүлж байна. 

 

Хоёрдугаар сарын зургааны өдөр Оросын баг тамирчдын анхны алтан медалийг авчирсан тамирчин нь цаначин Александр Большунов байлаа. Тэрбээр скиатлонд хол тасран түрүүлж, алтан медалийн эзэн болсон бол түүний араас хоёрдугаарт барианд орсон хүн нь мөн л Оросын тамирчин Денис Спицов байсан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин