Хорт хавдрыг ялсан Макс Парро олимпын тэнгэрт далбаагаа мандуулав
2022-02-08

Канадын сноубордчин үхлийн аюултай өвчинтэй гэдгээ анх сонссоноос хойш ердөө гурван жилийн дараа олимпын тэнгэрт төрийн далбаагаа мандуулав.

 

Макс Парро Бээжин-2022 өвлийн олимпын үеэр үндэсний шигшээ багийнхаа анхны алтан медалийг авчирсан юм. Тэрбээр слоупстайлд шилдгээр тодорсон нь энэ. Макс Парро өвчнөө ялан дийлээгүй бол өнөөдөр ийнхүү олимпын аварга болохгүй ч байж мэдэх байсан юм. Гуравхан жилийн өмнө түүнийг 24 настай байхад үхлийн аюулт өвчин туссан нь оношлогдож байжээ.

 

Парро гурван настайгаасаа л өвлийн спорт сонирхож эхэлсэн гэнэ. Тэрбээр анх цанаар гулгаж эхэлсэн бол есөн настайгаасаа сноубордоор хичээллэж эхэлжээ. Үүнээс 10 жилийн дараа Сочигийн олимпод оролцсон бол дахин дөрвөн жилийн дараа Пёнчан-2018 олимпын мөнгөн медальтан болсон байна. Ийнхүү түүний алдрын замнал эхэлж байхад Хожкиний лимфом буюу тунгалгийн системийн хавдар өвчинтэй нь тогтоогджээ. 

 

Канадын тамирчин аймшигт өвчний талаар сонссон ч бууж өгсөнгүй. Зургаан сарын дотор 12 курс химийн эмчилгээ хийлгэв. "Хавдар хэзээ ч намайг дийлэхгүй" гэсэн бодол үргэлж байсан гэж тэрбээр хожмоо дурсжээ. Үнэхээр ч түүнийг өвчин дийлсэнгүй. 2019 оны долдугаар сард Макс Парро өвчнөө ялан дийлж, үүнээс гурван сарын дараа Ослогийн тэмцээнд ялалт байгуулжээ.

 

"Амьд байгаадаа хичнээн их талархаж явдагаа хавдар тусаад л ойлгосон" хэмээн Макс Парро ярьж байсан аж. 

 

Бээжин-2022 олимпын ялалт

 

Тэрбээр 2022 оны хоёрдугаар сарын долооны өдөр хоёр дахь агуу ялалтаа байгуулсан юм. Макс Парро слоупстайлд аварга болов.

 

"Одоо би өглөө бүрийн хэвшмэл зүйлсээс эхлээд сноубордод татагддаг хүсэл тэмүүлэл хүртэлх бүгдийг, өдөр бүрийг эрхэмлэхийг хичээдэг. Одоо би өдөр бүр инээмсэглэхийг хичээдэг, энэ нь ч үр дүнгээ өгдөг юм. Энэ бол гайхалтай" хэмээн Макс Парро ялалт байгуулсныхаа дараа сэтгүүлчдэд ярьжээ.

 

Канадын тамирчин Макс Парро эхний оролдлогоо гайхалтай гүйцэтгэж чадаагүй юм. Гэсэн ч хоёр дахь удаагаа илүү хичээж, 9096 оноо авснаар хамгийн өндөр оноотой байсан Хятадын тамирчин Су Иминийг гүйцэж түрүүлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Ардчилал гэж донгосдог монголчууд нь америк ах нараасаа бензинээ ба дизелээ авцгаа эсвэл явган алхцгаа.
2022-02-09
Хүний сэтгэл тэмүүлэл бүхнийг ялж чаддагийг үзүүлжээ. Хэцүү гэж бодолгүй сорилт гэж бүхнийг давж гарцгаая
2022-02-08
Баяр хүргэе:
Гайхамшиг
2022-02-08