Токаев криптовалют олборлоход ноогдуулах татварыг нэмэхийг үүрэг болгов
2022-02-09

Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев криптовалют олборлоход ноогдуулах татварыг нэмэх, түүнчлэн энэ салбарын зохицуулалт, хөгжлийн талаарх шийдвэр гаргахыг үүрэг болгожээ. Тэрбээр хоёрдугаар сарын наймны өдөр болсон сайд нарын танхимын өргөтгөсөн хурал дээр ийм үүрэг өгсөн байна. 

 

"Төрийн тэргүүн криптовалютын олборлолтыг эсэргүүцэхгүй байгаа. Гэхдээ энэ салбарт ажиллах хүсэлтэй хүмүүс зохих зөвшөөрөлтэй, зохих ёсны тарифаар цахилгаан эрчим хүч авдаг, орлогоо тайлагнадаг, татвар төлдөг байж, ногоон эрчим хүчний төслийг хэрэгжүүлэх ёстой. Олборлолтод ноогдуулах татварыг бид мөн нэмнэ. Өнөөдөр үйлчилж байгаа нэг киловатт нь нэг тенге гэсэн үнэ хэтэрхий бага" хэмээн Токаев мэдэгдсэн байна.

 

Тэрбээр 2022 оны дөрөвдүгээр сарын нэгний өдрийн дотор энэ салбарын зохицуулалттай холбоотой багц шийдвэрийг гаргахыг үүрэг болгосон байна. Түүнчлэн бүхий л олборлолтын фермүүдийг илрүүлж, тэдний үйл ажиллагааны салбарыг судлахыг Токаев үүрэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин