О.Батбаяр: Манай улсад бүртгэгдэж буй тохиолдлуудын 99 хувь нь Омикрон хувилбар байна
2022-02-09

 

УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяраас коронавирус халдварын нөхцөл байдлын талаар тодрууллаа.

 

Сүүлийн  өдрүүдэд халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байна. Өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо  хэд хүрэх судалгаа байна вэ?

 

-Манай улсын халдварын оргил үе нэгдүгээр сарын  сүүлийн 10 хоногт байсан. Цагаан сараар хөл хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотойгоор өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо нэмэгдэж байна. Гэхдээ энэ өсөлт  нь оргил үеийн өсөлтөд  хүрэхгүй. Бидний тооцоолж буйгаар 20-30 хувь нэмэгдэнэ.

 

Манай улсад бүртгэгдэж байгаа халдварын тохиолдлын хэдэн хувь нь Омикрон хувилбар байна вэ?

 

-ХӨСҮТ-ийн судалгаанаас харвал манай  улсад бүртгэгдэж буй тохиолдлуудын 99 хувь нь Омикрон хувилбар байна. Гэхдээ сар шинийн баярыг өдрүүдэд Европын орнуудаас BA.2 хувилбар орж ирсэн байх боломжтой. Шинжилгээ хийж байгаа. Нэгдүгээр сард Омикрон хувилбараар өвчилсөн хүмүүс PCR шинжилгээ нь эерэг гарснаас хойш 21 хоногийн дараа  вакцинд хамрагдахгүй бол Омикроны дэд хувилбар болох BA.2  хувилбараар дахин өвчлөх эрсдэлтэй.

 

-BA.2  нь хэдэн улсад бүртгэгдсэн байна вэ?

 

Омикрон хувилбар дэлхийн 49 оронд бүртгэгдсэн байна. Дани болон Их Британид хийсэн судалгаагаар BA.2 хувилбарын халдварлах чадвар нь Омикрон эх хувилбараас 1.5 дахин нэмэгдсэн ба дархлаанаас зайлсхийх чадвар, хүндрэл нас баралтыг нэмэгдүүлэх чадвар тэгтлээ нэмэгдээгүй гэж үзэж байгаа.

 

Ер нь вирус хөгжлийнхөө явцад шинж тэмдэг хөнгөн, халдварлах чадвар нь нэмэгддэг. Учир нь шинж тэмдэг хөнгөн байхаар халдварт өртсөн хүн гадуур явж халдвар тараах боломж нь бүрддэг. Хэрэв вирус хөгжлийнхөө явцад шинж тэмдэг нь хүнд , нас баралт өндөр бол тархаж чаддаггүй. Тиймээс дэлхийн эрдэмтэд цар тахал пандемикаас эндемик буюу нутагшмал руу шилжлээ гэж үзэж байгаа. Дараагийн шатанд шинж тэмдэг хөнгөн, халдварлах чадвар өндөр хувилбар гарч ирэх байх.

 

-Манай улсад Омикроны дэд хувилбар BA.2 бүртгэгдсэн үү?

 

-Омикрон хувилбарыг PCR шинжилгээгээр урьдчилсан байдлаар илрүүлэх боломжтой байсан. Харин одоо мутацид орсон учраас PCR шинжилгээгээр илрүүлэх боломжгүй. Генийн дараалал тогтоох шинжилгээ хийж илрүүлнэ. Гэхдээ бүх сорьцод хийхгүй. PCR шинжилгээ эерэг сорьц, нас барсан хүмүүсийн сорьц зэрэг түүвэр сорьцуудад хийдэг.

 

М.Насан

Shuud.mn
Сонин хачин
Medehguigee ch medehgui nuhur doo
2022-02-09
Зочин:
.....Нэгдүгээр сард Омикрон хувилбараар өвчилсөн хүмүүс PCR шинжилгээ нь эерэг гарснаас хойш 21 хоногийн дараа вакцинд хамрагдахгүй бол Омикроны дэд хувилбар болох BA.2 хувилбараар дахин өвчлөх эрсдэлтэй.... гэжээ. Энэ хүн мэдлэгээ дээшлүүлэх хэрэгтэй байна аа. Яаяа даа байз, ийм мэдлэггүй юм олон нийтээр ярих нь ичмээр байна. Дархлаа, өвчний өрнөл, эмгэг жам бүгдийг нь бүрэн мэдэж байж олон нийтэд мэдээлэл өгнө шүү.
2022-02-09