РБК: Уран гулгагч Валиевагийн допинг сорьцоос өдөөгч илэрсэн

Оросын олимпын хорооны уран гулгалтын багийнхан багаараа тэргүүн байранд орсон ч мягмар гаригт зохион байгуулагдах байсан шагнал гардуулах ёслол өнөө хүртэл хойшлогдсоор байгаа юм. Ийнхүү медаль гардуулах ёслол хойшлогдох болсон нь Оросын уран гулгагчдыг допингод сэжиглэж байгаатай холбоотой хэмээн мэдээлж байв.
Оросын уран гулгагчид, тэр дундаа дэлхий дахиныг үзүүлбэрээрээ гайхшруулсан Камила Валиевагийн допингийн сорьцноос триметазидин өдөөгч илэрсэн гэж РБК-Спорт мэдээлжээ. "12 дугаар сард Валиевагаас авсан допинг сорьцонд ямар ч мансууруулах бодис илрээгүй. Харин триметазиден илэрсэн" хэмээн РБК Спорт-д мэдээлэл өгсөн эх сурвалж өгүүлсэн байна.
"Валиевагийн допинг сорьцод маш бага хэмжээгээр хориотой бодис илэрсэн. Гэхдээ энэхүү хольц нь спортын үзүүлэлтийг сайжруулахад ямар ч нөлөө үзүүлдэггүй гэдэг нь тогтоогдсон байдаг" хэмээн "Чемпионат" сонины эх сурвалж өгүүлсэн байна.
Оросын уран гулгалтын шигшээ баг хоёрдугаар сарын долооны өдөр багийн тэмцээнд ялалт байгуулж алтан медалийн эзэн болсон ч шагнал гардуулах ёслолыг хойшлуулсан нь Валиевагийн допинг сорьцтой холбоотой гэж Inside the Games хоёрдугаар сарын есний өдөр мэдээлж байлаа.
Камила Валиева допинг шинжилгээг 12 дугаар сард өгч байсан гэнэ. Түүнчлэн тамирчин 15 настай тул түүнийг допингийн эсрэг журам зөрчсөнд албан ёсоор буруутгах боломжгүй тул асуудал хүндэрч байгаа бөгөөд энэ тал дээр хуульчид ажиллаж байгаа гэж Регнум агентлаг мэдээлжээ.
Мөн Валиеваг хувийн тэмцээнүүдээс хасах шийдвэр гаргасан гэсэн мэдээлэл нь ташаа гэж "Спорт-Экспресс" мэдээлсэн байна. Тодруулбал, Оросын багийнхны медалийг хасах, Валиеваг тэмцээнээс хасах тухай мэдээлэл батлагдаагүй аж.
Валиевагийн асуудлаар хуульчид ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр Бээжингийн цагаар 13 цагт Олон улсын Олимпын хороо албан ёсны мэдэгдэл хийх юм байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ