Путин: Казахстан олон улсын гэмт бүлэглэлүүдийн золиос болсон
2022-02-11

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сарын 10-ны өдөр Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевтай Кремльд уулзалт хийлээ. 

 

Уулзалтын эхэнд Оросын төрийн тэргүүн Казахстан улс орны дотоодын амаргүй нөхцөл байдлыг ашигласан олон улсын гэмт бүлэглэлүүдийн золиос болсон гэдэг нь хэтрүүлэггүй зүйл хэмээн мэдэгдсэн байна. 

 

"Бид шинэ жилийн өмнөхөн уулзсан. Тухайн үед ийм үйл явдал өрнөх шинжгүй байсан" хэмээн Путин мэдэгджээ. 

 

Түүнчлэн Орос улс Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын гишүүн орны хувьд гэрээний дөрөвдүгээр зүйлийн дагуу Казахстанд тусламж үзүүлсэн гэдгийг Путин сануулсан байна. Гэхдээ Казахстаны өөрсдийн удирдлага нөхцөл байдлыг тогтворжуулахад гол үүрэг гүйцэтгэсэн гэдгийг онцолжээ.

 

"Энэ үйл явдлын явцад алдагдсан бүхнийг сэргээхэд одоо багагүй хүчин чармайлт шаардлагатай гэдгийг ойлгож байна. Гэхдээ Казахстан таны хүчин чармайлт, таны удирдлага дор хөл дээрээ бат зогсон, хөгжиж байна" хэмээн Путин мэдэгджээ.

 

Токаев үүний хариуд Казахстан руу Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын энхийг сахиулах хүчнийг илгээсэнд талархлаа илэрхийлээд, энхийг сахиулах хүчин ар талыг хангах, стратегийн объектуудыг хамгаалах тал дээр чухал үүрэг гүйцэтгэснийг онцолжээ. Мөн нэгдүгээр сард болсон үйл явдлын буруутнуудыг илрүүлж, шийтгэн, хариуцлагад татна хэмээн Токаев мэдэгджээ.

 

Токаев, Путин нар Казахстанд нэгдүгээр сард үймээн гарснаас хойш анх удаа уулзаж байгаа нь энэ юм.

 

Казахстаны эмх замбараагүй байдал 

 

Казахстанд нэгдүгээр сарын хоёрны өдөр эсэргүүцэл эхэлсэн юм. Үүний шалтгаан нь шингэрүүлсэн хий нэгдүгээр сарын нэгний өдрөөс хоёр дахин нэмэгдсэн явдал байв. Олон хотод эсэргүүцлийн жагсаал өрнөсний улмаас Казахстаны Засгийн газар огцорч, хийн үнийг эргүүлэн бууруулсан ч байдал тогтворжоогүй. Шингэрүүлсэн хийн үнийн өсөлтийг эсэргүүцсэн энэ арга хэмжээ удалгүй эмх замбараагүй байдал болон хувирсан.

 

Тэр дундаа Казахстаны томоохон хот болох Алматы хотод нөхцөл байдал нэн хурцадсан юм. Жагсагчид захиргааны байр руу дайрч, прокурорын газрын байр болон эрх баригч намын байрыг шатаасан юм. Түүнчлэн үймээний үеэр дэлгүүр хоршоо, банк руу дайрч, зэвсэг барин гэмт хэрэг үйлдсэн тохиолдлууд ч гарч байв.

 

Эмх замбараагүй байдал газар авч, 225 хүн амиа алдан, Казахстанд гашуудлын өдөр зарлаж байлаа. Мөн эмх замбараагүй байдлын улмаас 4.5 мянган хүн гэмтэж бэртсэн гэх албан мэдээлэл бий.

 

Нөхцөл байдлыг хяналтад оруулах үүднээс Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагаас дэмжлэг хүсэн, тус байгууллагын энхийг сахиулагчид нэгдүгээр сарын зургаанаас 13-ны өдрийн хооронд үүрэг гүйцэтгэсэн юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Эхорон:
Барууныхан л ийм юм хийдэгшдээ Олон Улс Ороныг сүйрүүлсэн дээ
2022-02-12
Хаана байна:
Барууныхан зохион байгуулсан гэж шаагаад ард иргэдээ буудаад биз дээ. Тэр барууныхан хаана байна. Мөн Оросын гадаад яамны Захарова хэмээх тахиа госдеп буруутай гэж донгодсон. Тэр нь хаана байна?
2022-02-11