Бээжин-2022: Хамгийн залуу болон ахмад тамирчид

Олимпын баатар болоход нас хамаарахгүй. Үүнийг Бээжингийн олимп бэлхнээ харуулж байна. Энэ олимпод оролцож буй хамгийн залуу болон ахмад тамирчдын хоорондын насны зөрүү 35. Бээжин -2022 олимпын хамгийн залуу оролцогчдын нэг нь Чехийн трамплинаас үсрэлтийн тамирчин Анежка Индрацкова бол хамгийн турүлагатай тамирчдын нэг нь энэ сарын 22-ны өдөр 50 насны төрсөн өдрөө тэмдэглэх, Германы шигшээ багийн тэшүүрчин Клаудия Пехштайн болж байгаа юм.
Анежка Индрацкова
Анежка нэгдүгээр сарын сүүлээр Чехийн трамплинаас үсрэлтийн аварга болж, үндэсний шигшээ багийнхаа хамгийн залуу гишүүн болсон юм. Сонирхолтой нь тэрбээр улсынхаа тэмцээн дээр эгч Каролинагаа түрүүлжээ. Анежка гагцхүү эгчийгээ л Олимп явна гэдэгт итгэлтэй байсан гэнэ. Харин түүнийг энэ удаад аз од ивээсэн нь энэ.
Камила Валиева
Бээжин-2022 олимпод оролцож байгаа өөр нэг 15 настай тамирчин нь Оросын уран гулгагч Камила. Тэрбээр Анежкагаас хоёрхон сарын эгч. Гэхдээ олон улсын уралдаан тэмцээнээс арвин туршлага цуглуулсан нэгэн.
2020 онд Камила уран гулгалтын өсвөрийн тамирчдын дэлхийн аварга болж байв. 2021 онд Сочид болсон Уран гулгалтын гран-прид түрүүлж, Оросын уран гулгалтын аварга шалгаруулах тэмцээнд эмэгтэй ганцаарчилсан төрөлд аварга болжээ. 2022 онд Валиева эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Европын аваргын алдар хүртсэн юм.
Түүнийг "өөр гаригийн охин" ч гэж нэрлэдэг. Учир нь тэрбээр олимпын түүхэнд урьд хожид харагдаагүй үзүүлбэр толилуулж, багаа Олимпод ялалт байгуулахад ихээхэн нөлөөлсөн юм. Харамсалтай нь түүнээс өнгөрсөн онд авсан допинг сорьцоос триметадизин гэх бодис илэрсэн гэсэн дуулиан дэгдэж, Оросын уран гулгагчид алтан медалиа өнөө хүртэл гардаж аваагүй байгаа төдийгүй Камилаг олимпоос ч хасахаар яригдаж байна. Түүнийг оросууд төдийгүй дэлхий дахин дэмжиж, урмын үгс илгээсээр байгаа юм.
Хамгийн туршлагатай оролцогчдын нэг Клаудия Пехштайн
Германы тамирчин Клаудия Пехштайн долоон олимпод оролцжээ. Тэшүүрчин Клаудия 11 жил дараалан дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шагналтан болсон байна. Бээжингийн Олимпын наадмын нээлтийн ёслолын үеэр тэрбээр Германы тугийг барин алхсан юм.
Клаудия анх 1992 оны Альбервилийн олимпод оролцож байжээ. Тэрбээр олимпын таван алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн байна. Бээжин-2022 нь Клаудиягийн хувьд найм дахь олимп бөгөөд ингэснээр тэрбээр хамгийн ахмад оролцогч төдийгүй олимпод оролцсон тоогоороо дээд амжилт тогтоож байгаа юм.
Тэрбээр Бээжингийн олимпын наадамд 3000 метрийн зайд тэшүүрээр уралдан, 20 дугаар байранд орсон байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ