Л.Ганбат: Энэ жил ЭЕШ-ыг хоёр удаа зохион байгуулна
2022-02-14

 

2022 оны ЭЕШ-ын бүртгэл, зохион байгуулалтын талаар мэдээлэл хийж байна.

 

БҮТ-ийн захирал Л.Ганбат "ЭЕШ-ыг 2006 оноос эхлэн БҮТ жил бүр зохион байгуулж ирсэн. Энэ жилийн ЭЕШ-ын бүртгэл улс орон даяар өнөөдрөөс эхэллээ.Энэ жилийн ЭЕШ-ын бүртгэлийг хоёрдугаар сарын 14-нөөс дөрөвдүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд зохион байгуулна. Бүртгэл БҮТ-ийн албан ёсны хуудсаар явагдана.

 

Энэ жил ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн бүх шалгуулагчдаас авдаг Монгол хэл бичгийн шалгалтыг зохион байгуулна. Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр эхэлсэн. Энэ жил 12 дугаар анги төгсөж байгаа 33 000 орчим суралцагчид Монгол хэл бичгийн шалгалтад тусгайлан бүртгэл үүсгэх шаардлагагүй. Харин өмнөх оны төгсөгчид өнөөдрөөс гуравдугаар сарын 14-нийг хүртэлх хугацаанд БҮТ-ийн цахим хуудсаар орж бүртгэлээ хийнэ. 

 

ЭЕШ-ын нэг хичээлийн бүртгэлийн хураамж 5800 төгрөг байна. Харин Монгол хэл, бичгийн шалгалт төлбөргүй зохион байгуулагддаг. Энэ жилээс эхлэн ЭЕШ-ыг жилд хоёр удаа авдаг болно. Эхний шалгалтыг зургаадугаар сард зохион байгуулна. Мөн Монгол хэл бичгийн шалгалтыг хоёр удаа авна.

 

Хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт орсонтой холбоотойгоор зургаадугаар сарын 19-нд сурагчдын амралт эхлэхээр байгаа. Үүнтэй уялдуулан зургаадугаар сарын 20-30-ны хооронд дөрвөн өдрийг сонгож ЭЕШ-ыг зохион байгуулна. Тодорхой товыг удахгүй зарлана. 

 

ЭЕШ-ын хоёр дахь шалгалтыг арванхоёрдугаар сард зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор оюутан элсүүлэх журамд өөрчлөлт оруулж байгаа" гэж мэдээллээ.

 

М.Насан 

 

Shuud.mn
Сонин хачин