"Үлэг гүрвэлийн үеийнхэн"-ийг ажлаас нь халсан IBM олон саяын өрөнд унажээ

Америкийн IBM корпораци дэлхийн хамгийн эртний компьютерын компанид тооцогддог. Энэ компани 1911 онд байгуулагдсан бөгөөд тухайн үедээ цахилгаан төхөөрөмж үйлдвэрлэн гаргадаг байжээ. Ийнхүү хамгийн эртний компанид тооцогддог IBM "ахмад" ажилтнуудаа халах гэснээс болж томоохон дуулианы эзэн болсон гэнэ.
Энэ компанийн мэргэжилтнүүдийн дундаж нас нь 48 бөгөөд энэ нь залуу, хүчтэй технологийн фирмүүдтэй өрсөлдөхөд саад болж байна гэж удирдлагууд нь үзсэн тухай Нью-Йорк Таймс сонин мэдээлсэн байна.
Ингээд боловсон хүчний цэвэрлэгээ хийхээр болж, энэ компанид олон арван жил зүтгэсэн ажилтнуудыг залуу мэргэжилтнүүдээр солих ажлыг захирлуудын зөвлөл эхлүүлжээ. Компанийнхан "залуу мэргэжилтэн" гэдэгт өмнө нь ажлын туршлагагүй ч шинэ технологийн мэдлэг чадвар сайтай 20 настангуудыг багтаасан байна. IBM компани асар өргөн бүрэлдэхүүнтэй тул энэ стратегийг хэрэгжүүлэхийн тулд олон мянган хүнийг, халж солих шаардлагатай болжээ.
Компанийн удирдлага бүгдийг нам жим гүйцэтгэхийн тулд нэгэн арга сэдсэн гэнэ. Дөчөөс дээш насны ажилтнуудыг шууд халахын оронд улсынхаа нөгөө өнцөгт байх салбар руу шилжүүлэх, эсвэл компаниас сайн дураар халагдвал төрөлх хотдоо ажилд ороход нь бүх талаар тусламж дэмжлэг үзүүлнэ гэсэн санал тавьжээ. Мэдээж 10 ажилтны ес нь хоёр дахь хувилбарыг сонгосон байна.
Ингээд захирлуудын зөвлөлийн төлөвлөгөө ёсоор халаа солио үргэлжилж байх үед ажлаасаа халагдсан нэг мэргэжилтэн чухам юу болоод байгааг ойлгож, насаар ялгаварлан гадуурхаж байгааг тогтоон, бусадтайгаа нийлж хамтын зарга үүсгэжээ. Ингэснээр IBM компани сэтгэл санааны хохирол учруулсан хэргээр олон сая долларын нөхөн төлбөрт унасан байна.
Түүнчлэн шүүх хурлын үеэр энэ компанийн удирдлагын албан захидлыг дэлгэсэн нь ихээхэн шуугиан тарьжээ.
"Энэ үлгэр гүрвэлийн үеийнхэн мөхөж байгаа төрөлд орж, залууст зайгаа тавьж өгөх ёстой" хэмээн ахмад ажилтнуудынхаа тухай нэгэн удирдлага бичсэн байсан гэнэ.
Ахмад ажилтнуудыг халсантай холбоотой шүүх ажиллагаа 2018 оноос эхлэн үргэлжилж байгаа бөгөөд харин дээрх захидлын талаарх мэдээлэл саяхан ил болжээ. Энэ талаар компани мэдэгдэл хийхдээ "компанийн удирдлагад ажиллаж байсан зарим хүмүүсийн цахим захидал дахь үг хэллэг IBM-ийн зүгээс ажилтнууддаа ханддаг хүндлэлийн зарчимд нийцэхгүй байна" хэмээн онцолжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ