"Танцор диско" киноны хөгжмийн зохиолч таалал төгсжээ
2022-02-16

Энэтхэгийн хөгжмийн зохиолч, дуучин, Болливудын "диско эрин"-ий сонгодогт тооцогддог байсан Баппи Лахири 69 насандаа Мумбаи хотын эмнэлэгт таалал төгсжээ. Энэ талаар The Indian Express сонин мэдээлсэн байна.

 

Баппи Лахири нэгдүгээр сард халдварт өвчин, амьсгал түр тасалдах эмгэгтэйгээр эмнэлэгт хүргэгдэж, 29 өдөр эмчлүүлснээс 18 өдөр нь сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байсан гэнэ. Эмчлэгч эмчийнх нь өгүүлснээр, хоёрдугаар сарын 14-ний өдөр Лахириг эмнэлгээс гаргасан ч хэд хоногийн дараа биеийн байдал нь муудаж, түүнийг яаралтай эмнэлэгт хэвтүүлжээ. Эмч нар түүний амь насыг аврахаар хичээсэн ч мягмар гаригийн шөнө Лахири таалал төгссөн байна. 

 

Лахириг таалал төгссөнтэй холбоотойгоор түүний ар гэр болон шүтэн бишрэгчдэд нь Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди эмгэнэл илэрхийлжээ.

 

"Баппи Лахиригийн хөгжим янз бүрийн сэтгэл хөдлөлийг гайхалтай илэрхийлдэг, үе үеийн хүмүүс түүний бүтээлийг хүндэлдэг байлаа. Хүн бүр түүнийг үгүйлэн санана" хэмээн Моди Твиттер хуудсандаа бичжээ.

 

Лахири 1952 онд Калькутта хотод төрсөн. Тэрбээр 19 насандаа Бомбей хотод ирж, жүжигчнээр ажиллаж эхэлсэн бол 1970-аад оны сүүлээс хөгжмийн бүтээл туурвиж эхэлжээ. Тэрбээр Болливудад олон диско хит бичин, 1980-аад онд ихээхэн алдаршиж байлаа: 

 

Лахири Зөвлөлт, Монголд ихээхэн алдартай "Диско бүжигчин" /1982 он/, "Бүжээрэй" /1987 он/, "Коммандос" /1988/ зэрэг олон киноны хөгжмийг бичжээ. Мөн "Jimmy, Jimmy, Jimmy, Aaja", "Goron Ki Na Kalon Ki" хит дуунуудын хамтран зохиогч юм. Тэрбээр нийтдээ 400 кинонд тоглож, олон зуун хөгжмийн бүтээл туурвисан бөгөөд зарим киноны дууг өөрөө дуулж байжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хойно оюутан байсан. 3 болон 4 дэх дуунд хамгийн их лайк
2022-02-17