Камила Валиева: Ямартай ч шагнал гардуулах ёслолыг цуцлахааргүй боллоо

Допинг дуулианд нэр нь холбогдсон Оросын уран гулгагч Камила Валиева хоёрдугаар сарын 17-ны өдөр болсон эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд дөрөвдүгээр байранд орлоо. Харин түүний нутаг нэгтнүүд болох Анна Щербакова нэгдүгээр байр, Александра Трусова хоёрдугаар байранд орсон юм. Японы тамирчин Каори Сакамато хүрэл медалийн эзэн болов.
Валиева богино үзүүлбэрийн төрөлд хамгийн өндөр оноо авч, тамирчдыг тэргүүлж байсан ч хоёрдугаар сарын 17-ны өдөр чөлөөт хөтөлбөрийн үеэр дөрвөл тулуп гүйцэтгэж байхдаа унаж, дараа нь гурвал флип-гурвал тулупын каскад гүйцэтгэл нь мөн л амжилтгүй болсон юм. Ингээд тэрбээр нийтдээ 141,93 оноо авлаа.
Харин богино үзүүлбэрийн төрөлд хоёрдугаар байранд бичигдэж байсан Анна Щербакова чөлөөт үзүүлбэрээ төгс гүйцэтгэж, 175,75 оноо авсан юм. Богино үзүүлбэрийн төрөлд дөрөвдүгээр бичигдсэн Александра Трусова чөлөөт үзүүлбэрээрээ хамгийн өндөр оноо болох 177,13 оноо авч, тэмцээний үеэр таван удаа дөрвөл үсрэлт хийсэн анхны эмэгтэй уран гулгагч болжээ.
Тэр бусдын шагнал гардах ёслолыг "бусниулаагүйдээ баярлав"
Валиеваг допинг дуулианд нэр холбогдсоны улмаас тэмцээнийг үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн ч түүнийг эхний гурван байрт орсон ч шагнал гардуулах ёслол болохгүй гэж Олон улсын олимпын хороо мэдэгдэж байлаа. Дуулиан болон Олимпын хорооны энэ шийдвэр ердөө 15-хан настай Камила охинд хүнд туссан нь илт байв.
Тэрбээр Бээжингийн олимпод үзүүлсэн үр дүндээ сэтгэл гонсгор байсан ч "Ямартай ч ёслолыг цуцлахааргүй боллоо" хэмээн дасгалжуулагч Этери Тутберидзедээ хэлснийг "Лента" дамжуулжээ.
Камила Валиева багийнхаа бүрэлдэхүүнд орон тэмцээнд оролцож, Оросын олимпын хорооны уран гулгалтын баг багаараа ялалт байгуулсан ч өнөө хэр медалиа гардаж аваагүй байгаа юм. Энэ нь Камила Валиевагийн сорьцоос хориотой бодис илэрсэнтэй холбоотой. Валиевагаас өнгөрсөн оны 12 дугаар сард Оросын АШТ-ий үеэр авсан допинг сорьцоос триметазидин гэх хориотой бодисын жагсаалтад багтдаг бодис илэрсэн байна.
Улмаар Валиеваг олимпоос хасах асуудал хөндөгдсөн ч Спортын Арбитрын шүүх түүнийг тэмцээнээ үргэлжлүүлэх боломж олгосон. Харин хэрэг бүрэн шийдэгдээгүй тул Валиева ганцаарчилсан төрөлд эхний гурван байранд орсон нөхцөлд шагнал гардуулах ёслол болохгүй, түүнчлэн багийн төрлийнхний медалийг ч хэрэг эцэслэтэл гардуулахгүй гэж Олон улсын олимпын хороо шийдсэн юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ