ОХУ сургуулилалтаа үргэлжлүүлж, иргэдийг нүүлгэн шилжүүлж байна
2022-02-21

Оросын цэргүүд сургуулилалтаа дуусгаж,  Беларусийн нутаг дэвсгэрийг орхино гэж Беларусийн эрх баригчид мэдэгдэж байсан ч сургуулилалт үргэлжлэхээр болжээ. "Холбоотон улсын гадаад хил орчимд цэргийн ажиллагаа идэвхжсэн, Донбасс дахь нөхцөл байдал хурцадсантай холбоотойгоор" Беларусь, Орос улс хамтарсан сургуулилалтаа үргэлжлүүлэхээр болсон байна. 

 

Харин энэ нь Оросын арми Украин руу довтлохоор бэлдэж, Орос улс энэ зорилгоо хэрэгжүүлэхийн тулд Беларусийн нутаг дэвсгэрийг ашиглаж байна гэж барууны улс төрчид үзэж байгаа юм. АНУ-ын Засгийн газрын мэдээлснээр Украинэы хилийн орчим ойролцоогоор 169-190 мянган цэрэг төвлөрсөн байгаа аж. Гэхдээ энэ тоонд өөрсдийгөө тунхагласан Донецк болон Луганск улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн багтаж байгаа юм.

 

ОХУ-ын зүгээс Украины эсрэг ямар нэг цэргийн ажиллагаа зохион байгуулахгүй гэж удаа дараа мэдэгдсэн ч Украины хилийн ойролцоох цэргүүдийн тоо нь нэмэгдсээр байгааг шинжээчид онцолж байна. Мөн сүүлийн үед буудалцаан болж буй Донбасст нөхцөл байдал эрс хурцадсан үетэй Оросын цэргийн сургуулилалт давхцаж байгаа юм.

 

"Бид дайныг хүсэхгүй байна. Гэвч биднийг сонсохгүй эсвэл сонсохыг хүсэхгүй байна. Тиймээс шаардлагатай бол хариу өгөх зохих бүлэглэлийг байгуулсан" хэмээн Беларусийн Батлан хамгаалахын сайд мэдэгджээ.

 

Орос, Беларусийн хамтарсан сургуулилалт хоёрдугаар сарын 10-ны өдөр эхэлсэн бөгөөд төлөвлөгөө ёсоор хоёрдугаар сарын 20-ны өдөр дуусах ёстой байв.

 

Донбасст байдал хурцадсан нь

 

Сүүлийн өдрүүдэд Украины цэргүүд байршлыг нь довтлохоор оролдож байна гэж Донецк, Луганскийн төлөөлөгчид мэдэгдэж байгаа юм. Харин Украины талаас үүнийг үгүйсгэж, ямар ч цэргийн ажиллагаа явуулаагүй гээд нөхцөл байдлыг хурцатгах зорилгоор Оросын дэмжлэгтэй салан тусгаарлагчид өдөөн хатгалга үйлдэж байна хэмээн мэдэгджээ.

 

Ням гаригийн үдэш өөрийгөө тунхагласан Луганск улсын хяналтад байх нутаг дэвсгэр рүү буудсан талаарх мэдээлэл гарсан байна. Үүнийг Украины Батлан хамгаалахын сайд Анна Маляр тайлбарлахдаа "Украины цэргийн алба хаагчдыг буруутгах гэсэн өдөөн хатгалга" хэмээжээ.

 

"Лобачево суурингийн нутгаас хүнд зэвсгээр түрэмгийлэгч Луганскийн зүгт гал нээсэн. Украины цэргүүдимйн зүгээс ямар ч түрэмгий үйлдэл гаргаагүй байхад эзлэн түрэмгийлэгчид өөрсдөө түрэмгийлэн авсан нутаг дэвсгэр дээрх дэд бүтцийн объектуудыг устгаж, суурин газруудыг замбараагүй буудаж байна" хэмээн Маляр Фейсбүүк хуудсандаа бичжээ.

 

Харин Гал зогсоох горимын хяналт, зохицуулалтын хамтарсан төв дэх Бүгд Найрамдах Луганск Улсын төлөөлөгч мэдэгдэл хийхдээ ням гаригт шилжих  шөнө Украины арми 16 удаа буудсан хэмээн онцолсон байна. Энэ халдлагад  Славяносербск, Сокольники, Желобок, Желтое, Калиновка, Углегорск , Веселая Гора зэрэг суурингууд өртжээ.  Мөн ийнхүү буудсаны улмаас нутгийн гурван энгийн иргэн шархдсан байна. 

 

Цаашлаад, Пионерское суурингийн нутагт Украины цэргүүд байршил руу нь довтлох оролдлого хийсний улмаас нутгийн хоёр энгийн оршин суугч амиа алдсан  талаар ням гаригийн өглөө Луганскийн "ардын цагдаагийн газар" мэдээлжээ. Энэ явдал ням гаригийн өглөө таван цагийн орчимд болсон гэж Луганскийн тал мэдэгдсэн байна. Оросын талаас энэ хэрэгтэй холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаар болжээ. 

 

Пионерское суурин нь Оросын хилээс холгүйхэн, Украины Луганск мужид оршдог. Энэ суурингаас Оросын хил хүртэл ердөө 11 км зайтай аж.

 

Мөн хөрш зэргэлдээ орших, өөрсдийгөө тунхагласан Бүгд Найрамдах Донецк Улсын эрх баригчид Украины зэвсэгт хүчин байршил руу нь болон суурин газрууд руу халдсан хэмээн мэдэгдсэн байна. "Цахилгаан станц болон хийн хоолойг дэлбэлэхээр төлөвлөж байсан хорлон сүйтгэгчдийг устгасан" гэж Донецк мэдэгдсэн ч одоогоор үүнийг батлах баттай баримт дэлгээгүй байна. 

 

Энэ бүхнийг Украины тал үгүйсгэж, харин сөргөлдөгч тал Украины цэргүүдийн байршил руу артиллери, гранатомет, танкийн зэвсэглэл, том калибрын их буугаар буудсан хэмээн мэдэгдэж байгаа юм. Ийнхүү буудсаны улмаас Украины хоёр цэргийн алба хаагч амь үрэгдэж, дөрвөн хүн шархадсан гэж Украины тал мэдэгджээ. Түүнчлэн ням гаригийн туршид сөргөлдөгч талаас 74 удаа гал зогсоох горимыг зөрчсөн хэмээн онцолсон байна.

 

Донбассын оршин суугчдыг Орос руу нүүлгэн шилжүүлсээр байна

Хоёрдугаар сарын 18-ны өдөр байдал хурцадсантай холбоотойгоор өөрийгөө тунхагласан Бүгд Найрамдах Донецк Улс болон Бүгд Найрамдах Луганск Улсын эрх баригчид нэн тэргүүнд ахмад настан, хүүхдүүдийг нүүлгэн шилжүүлэхээр болсноо зарласан юм. Энэ хоёр улсын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажил үргэлжилж байгаа талаар ВВС мэдээлжээ.

 

Дүрвэгсдийг Оросын Ростов муж руу нүүлгэсэн ч байршуулах газар хүрэлцэхгүйн улмаас хаачихаа мэдэхээ больсон гэж оршин суугчид ярьж байгаа бичлэг олон нийтийн сүлжээгээр тархсан байна.

 

Хоёрдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Ростов муж руу дүрвэгчдийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн тул энэ мужид бүс нутгийн шинжтэй онц байдлын дэглэм тогтоожээ. Хүн амыг нийтийн болон хувийн тээврээр зөөж байгаа бөгөөд үүнд 150 автобус дайчилсан байна.

 

 

 

Ростов мужид 28 мянга гаруй хүнийг байршуулах газруудыг бэлджээ. Ростов мужаас гадна өөр 30 орчим бүс нутаг дүрвэгчдийг хүлээн авахад бэлэн байгаа гэнэ. Хоёрдугаар сарын 20-ны өдөр Донбассын 30 мянга гаруй иргэн хил нэвтэрснээс 60 гаруй хувь нь хүүхэд байгаа аж. Өнөөдөр, хоёрдугаар сарын 21-ний даваа гаригт дахин 15 галт тэрэг явж, дүрвэгчдийг нүүлгэн шилжүүлэх юм байна. Нийтдээ 700 мянга орчим хүнийг Орос руу нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөтэй байгаа талаар Донецкийн эрх баригчид мэдэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин