АНУ иргэддээ Орост алан хядах ажиллагаа гарч болзошгүй гэж анхааруулжээ
2022-02-21

Оросын томоохон хотууд болон Украинтай залгаа хилийн орчимд олон нийтийн газруудад халдлага үйлдэгдэж болзошгүй аюул байгааг Орос дахь АНУ-ын ЭСЯ америкчуудад анхааруулжээ. Энэ талаар ЭСЯ-ны сайт дээр мэдээлсэн байна.

 

Тэр дундаа, Москва, Санкт-Петербург хотуудад худалдааны төв, метроны станцууд дээр халдлага үйлдэгдэж болзошгүйг сэрэмжлүүлжээ. Тиймээс орон нутгийн болон гадаадын хэвлэл мэдээллээс нөхцөл байдлын талаарх мэдээллийг цаг алдалгүй авч, олон хүн цугларсан газраас зайлсхийн, жуулчдын ихээр очдог газарт явахдаа нэн сэрэмжтэй байж, баримт бичиг, визээ биедээ авч яван, АНУ-ын эрх баригчдын тусламжгүйгээр Оросыг орхих талаар бодолцохыг зөвлөсөн байна.

 

Энэ сэрэмжлүүлгийн хариуд Оросын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова "Москва дахь АНУ-ын ЭСЯ-д тавих асуулт байна. Та нар Оросын талд түншлэлийн сувгаараа зохих мэдээлэл өгсөн үү? Үгүй бол энэ бүхнийг хэрхэн ойлгох болж байна?" хэмээн Твиттер хуудсандаа бичжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин