Зеленский: Бид хэнээс ч, юунаас ч айхгүй, юу ч өгөхгүй

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Луганск, Донецкийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх шийдвэрийг хоёрдугаар сарын 21-ний үдэш гаргалаа. Улмаар энэ хоёр улстай хамтран ажиллах, найрамдлын гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд эдгээр баримт бичгүүдийг хоёрдугаар сарын 22-ны өдөр Төрийн Дум, Холбооны зөвлөл соёрхон батлах юм.
Энэ үйл явдлын дараа барууныхан, Украин шийдвэрийг эрс эсэргүүцэж байгаагаа ээлж дараалан мэдэгдэж, хариу арга хэмжээ авахаар болсноо зарласаар байна.
"Бид өөрсдийнхөө газар дээр байна. Бид хэнээс ч юунаас ч айхгүй. Бид хэнд ч өргүй. Тиймээс хэнд ч юу ч өгөхгүй. Одоо бол 2014 оны хоёрдугаар сар биш, 2022 оны хоёрдугаар сар. Өөр улс, өөр арми. Нэг л зорилго бий, энэ бол Украин дахь энх тайван" хэмээн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгджээ.
Салан тусгаарласан мужуудыг хүлээн зөвшөөрсөн нь
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сарын 21-ний өдөр Украинаас салан тусгаарлаж, өөрсдийгөө тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард Улс, Бүгд Найрамдах Луганск Ард Улсыг хүлээн зөвшөөрч, улмаар энэ хоёр улстай найрамдал, хамтын ажиллагаа, хамтын тусламжийн гэрээнд гарын үсэг зурсан юм. Донецк, Луганскийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тухай Путиний энэхүү шийдвэрийг Сири, Өмнөд Осети, Абхази гэсэн орнууд дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
Бүгд Найрамдах Луганск Ард Улс- Энэ бол Донецкийн хамтаар Донбассын унтаг дэвсгэр дээр байх, хэсэгчлэн хүлээн зөвшөөрөгдсөн улс юм.
2014 онд Украинд Евромайдан болж, олныг хамарсан эсэргүүцэл, эмх замбараагүй байдал өрнөснөөр Украины Луганск, Донецк мужууд салан тусгаарлахаар болсон юм. 2014 оны тавдугаар сарын 11-ний өдөр Бүгд Найрамдах Луганск Ард Улсын өөрсдийгөө тодорхойлох олон нийтийн санал асуулгаар оролцогчдын 96,2 хувь нь тусгаар тогтнолын төлөө санал өгсөн. Улмаар дараа өдөр нь Бүгд Найрамдах Луганск Ард Улсын тусгаар тогтнолыг тунхаглаж, Оросын бүрэлдэхүүнд багтах хүсэлтээ илэрхийлж байв.
Ингээд 2014 оны зургадуугар сарын 11-ний өдөр БНЛАУ ОХУ болон өөр 14 улсад хандан тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрөх хүсэлтийг гаргаж байлаа.
Харин Украины Үндсэн хуульд зааснаар, БНЛАУ-ын нутаг дэвсгэр нь Украины салшгүй хэсэг юм. Луганск өөрийнх хэмээн зарласан нутаг дэвсгэрийн ихэнх хэсгийг Украины эрх баригчид хянадаг. Харин үлдсэн хэсгийг Луганск биш харин ОХУ хяналтдаа байлгадаг гэж олон улсын шинжээчид үздэг юм.
Бүгд Найрамдах Донецк Ард Улс- Лугансктай ижил түүхтэй, салан тусгаарлаж, өөрсдийгөө тунхагласан улс.
Мөн л Луганскийн адилаар 2014 оны Евромайданы дүнд салан тусгаарлаж, мөн оны тавдугаар сарын 11-ний өдөр олон нийтийн санал асуулга явуулан, тавдугаар сарын 12-ны өдөр тусгаар тогтнолоо зарлаж байв.
Украины үндсэн хуулийн дагуу Донецкийн нутаг дэвсгэр Украиных тул энэ бүс нутагт зэвсэгт сөргөлдөөн гарсаар өнөөдрийг хүрсэн. Донецк Украиныг өөрийнх нь нутаг дэвсгэр рүү халдаж, хүмүүнлэгийн сүйрэл дагуулсан "гэмт хэргийн дэглэм" хэмээн нэрлэдэг бол Украин энэ нутаг дэвсгэрийг "Орос түр хугацаанд эзлэн түрэмгийлсэн" хэмээн тодорхойлдог.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ