Владимир Путин: Одоо Минскийн хэлэлцээр гэж байхгүй

ОХУ-ын Ерөнхийлөгч хоёрдугаар сарын 21-ний үдэш Бүгд Найрамдах Луганск Ард Улс, Бүгд Найрамдах Донецк Ард Улсыг хүлээн зөвшөөрөх шийдвэр гаргасан. Тэрбээр хоёрдугаар сарын 22-нд Оросын сэтгүүлчидтэй уулзан, энэ сэдвээрх асуултад хариулжээ.
- Одоо Минскийн хэлэлцээр яах вэ?
- Бид найман жилийн туршид энэ хэлэлцээр дээр ажилласан. Бид энэ хэлэлцээрийг хэрэгжүүлэх сонирхолтой байлаа. Хэлэлцээр нь харилцан буулт хийсний үр дүн байсан бөгөөд үүнд хүлээн зөвшөөрөгдөөгүй улсуудын удирдагчдын гарын үсэг байсан. Тэдний нэг нь дараа нь Украины тусгай албаныхны гарт амиа алдсан юм. Энэ бол улс төрийн аллага.
Ингээд дараагийн жилүүдэд нь өнөөгийн Киевийн эрх баригчид бүхнийг үгүй хийсэн. Өчигдөр Донбассыг хүлээн зөвшөөрөхөөс ч бүр өмнө нь Минскийн хэлэлцээр үгүй болсон байсан юм. Бид биш, бүгд найрамдах улсуудын төлөөлөгчид биш харин Киевийн өнөөгийн эрх баригчид үгүй хийсэн.
Цаашид юу хүлээх юм? Үй олноор хөнөөх байдал үргэлжлэхийг үү? Энэ бүхнийг хараад суух боломжгүй. Тийм ээ, одоо Минскийн хэлэлцээр гэж байхгүй.
Бүгд Найрамдах Луганск Ард Улсын хил ямар байх вэ?
- Бид чинь бүгд найрамдах улсуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн шүү дээ. Тиймээс тэдний үндсэн хуулийг ч хүлээн зөвшөөрлөө гэсэн үг. Энэ үндсэн хуулиудад тэд Украины бүрэлдэхүүнд байхдаа мужийн хэмжээнд хилээ тогтоосон нь тусгагдсан. Маргаантай бүхий л асуудлууд Бүгд Найрамдах Луганск Ард Улс, Бүгд Найрамдах Донецк Ард Улс болон Киевийн хоорондын хэлэлцээрээр шийдэгдэнэ гэж бид үзэж байна. Одоогоор ийм хэлэлцээр хийх боломжгүй, учир нь цэргийн ажиллагаа үргэлжилж байгаа.
Бүгд Найрамдах Луганск Ард Улс руу манайх цэргээ оруулах уу?
- Орос хилийн цаана зэвсэгт хүчнээ ашиглаж болох уу гэж үү? Өөр яах вэ. Бид чинь найрамдлын тухай гэрээнд гарын үсэг зурсан. Тэр гэрээнд бид тусламж, тэр дундаа цэргийн тусламж үзүүлэх талаар заасан байгаа. Шаардлагатай бол Орос улс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлнэ.
Гэхдээ бидний уулзалтын дараа л цэргүүд тийшээ зорино гэж би хэлээгүй байна
ОХУ, Украин эвлэрэх боломж бий юу?
- Энэ асуудлыг Европ, Америктай хэлэлцсэн. Олон нийтэд энэ талаар мэдээлээгүй л дээ. Гэхдээ та бүхэнд хэлье, хэтийн төлөвт нөхцөл байдлыг зохицуулсан гэж тооцохын тулд ямар үйл явдлууд болох ёстой талаарх нууцыг дэлгэе.
Нэгдүгээрт, Севастополь, Крымийн хүмүүсийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрөх. Хүсэл зориг нь Косовод болсон үйл явдлаас юугаараа дор гэж? Юугаар ч биш! Хэн ч хүмүүсийг автомат буугаар сүрдүүлж сонгуулийн хэсэг рүү хөөгөөгүй. Тэд сайн дураараа ирж, Оростой нэгдэхээр шийдсэн. Олон нийтийн санал хураалт бол ардчиллын дээд хэлбэр.
Хоёрдугаарт, бид Украиныг НАТО-д хүлээн авахыг эрс эсэргүүцэж байгаа. Украины эрх баригчид өөрсдөө НАТо-д элсэхээс татгалзвал энэ нь сайн шийдэл болох байх.
Гуравдугаарт, Минскийн хэлэлцээрийг хэрэгжүүлж, хэлэлцээрийн замаар Донбассын асуудлыг шийдэх ёстой. Гэвч энэ заалт хүчингүй болсон.
Дөрөвдүгээрт, Украины цэрэгжилт зогсох ёстой. Энэ бол ажиглаж, хянах боломжтой цорын ганц хүчин зүйл.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ