Донецк, Луганскийн эдийн засаг юун дээр тогтдог вэ

2014 онд Украинаас салан тусгаарлаж, өөрсдийгөө тунхагласан Донецк, Луганск ард улсууд юугаар орлого олж, эдийн засаг нь юун дээр тогтдог нь олон хүний анхаарал татна. Украины бүрэлдэхүүнд байхдаа Донецк, луганск мужууд Украины аж үйлдвэрийн бүтээгдэхүүний бараг гуравны нэгийг хангадаг байж.
Төмөрлөгийн үйлдвэр
Төмөрлөгийн үйлдвэрүүд бол Бүгд Найрамдах Донецк Ард Улсын гол үйлдвэрүүд юм. Үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа үйлдвэрүүд 2021 оны тавдугаар сараас эхлэн Оросын Воронеж мужийн орлогч захирагч асан, бизнесмен Евгений Юрченкогийн компанийн бүрэлдэхүүнд багтах болжээ.
Үүнээс өмнө, 2017 оноос эхлэн Бүгд Найрамдах Донецк Ард Улс, Бүгд Найрамдах Луганск Ард Улсытомоохон төмөрлөг, кокс химийн үйлдвэрүүдийг Украины олигарх Сергей Курченко эзэмшдэг байж. Оросын хэвлэлүүдийн бичсэнээр, Украины бизнесмен удирдаж байх үед ажил хэрэг тийм ч өөдтэй байгаагүй, үйлдвэрийн ихэнх хэсэг нь зогсож, тоног төхөөрөмж нь алдагдаж, цалингийн өр ихээр хуримтлагдсан байна.
Ингээд 2021 онд Орос эзэнтэй болоод хөдөлж эхэлсэн бөгөөд долоон үйлдвэрийг дахин ажиллуулж, өр төлбөрийн талыг төлжээ.
Бүгд Найрамдах Донецк Ард Улсад Енакиевскийн төмөрлөгийн үйлдвэр, Макеевскийн төмөрлөгийн үйлдвэр, Макеевкокс, Ясиновскийн кокс химийн үйлдвэр, Комсомольскийн хүдрийн газар бий. Харин Бүгд Найрамдах Луганск Ард Улсад Алчевскийн төмөрлөгийн үйлдвэр, Стахановскийн төмөр хайлшийн үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр үйлдвэрүүд 2022 онд нийт таван сая тонн ган үйлдвэрлэхээр төлөвлөжээ.
Нүүрс
Донецк, Луганск орших Донбассын бүс нутаг нь Зөвлөлтийн үеэс л антрацит хэмээх сайн чанарын нүүрсээрээ алдартай бөгөөд дэлхийд шилдэгүүдийн тоонд багтдаг. Антрацит нь илчлэг өндөртэй, чанартай, хамгийн үнэтэй нүүрс юм.
Түүнчлэн энэ бүс нутагт коксжих нүүрс, эрчим хүчний нүүрс олборлодог бөгөөд олборлосон коксжих нүүрс орон нутгийн төмөрлөгийн үйлдвэрийн хэрэгцээнд, харин эрчим хүчний нүүрсийг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд зарцуулдаг байна. Луганскад үйл ажиллагаа явуулж буй уурхайнуудын ихэнх нь урьдын адил төрийн мэдэлд байдаг.
Донецкийн нийгэм эдийн засгийн хөгжлийн хөтөлбөрт тусгаснаар 2022 онд 5,6 сая тонн нүүрс, 2023 онд 7,6 сая гаруй, 2024 онд 8,4 сая гаруй тонн нүүрс олборлох аж. Нийтдээ, гурван жилийн дотор 22 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөжээ. Харин Луганскийн "Востокуголь" 2022 онд 8,5 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөсөн байна.
Бусад үйлдвэрүүд
2013 оны байдлаар Донецк муж Украины аж үйлдвэрлэлийн 20 хувийг дангаар хангадаг байжээ. Мөн машин угсралт, хими, газрын тос химийн үйлдвэрлэл хөгжиж байв. Түүнчлэн 2013 онд Донецк, Луганск мужууд Украины ДНБ-ий 16 хувийг хангадаг байжээ.
Луганск, Донецкийн үйлдвэрүүдийн ихэнх хэсэг нь одоо ажилладаггүй. Харин өнгөрсөн оны 11 дүгээр сард эрдэс бордоо үйлдвэрлэгч томоохон үйлдвэрүүдийн нэгт тооцогддог "Стирол" хоёр цехээ ажиллагаанд оруулсан гэж мэдэгдэж байлаа.
Энэ үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллахын тулд бүс нутагт энх тайван хэрэгтэй. Аммиакийн селитр зэрэг бүтээгдэхүүн нь дэлбэрэх аюултай бөгөөд Донбасст байлдааны ажиллагаа явагдаж байгаа үед ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь нэн осолтой.
Худалдааны эргэлт
Донецк, Луганскийн гол худалдааны эргэлт нь Оростой холбоотой. Донецк арл улсад 2020 онд гадаад худалдааны эргэлтэд эзлэх Оросын хувь хэмжээ 95 хувь байжээ. Энэ хоёр улсын хувьд Оросоос авах импорт нь экспортын хэмжээнээс хавьгүй их.
Харин Луганск Орос руу төмөрлөгийн бүтээгдэхүүнүүд нийлүүлдэг. Үүнд ган, төмөр хайлш багтана. Харин нүүрсний тухайд дотоодын төмөрлөгийн үйлдвэрүүдийн хэрэгцээнд зарцуулагддаг аж.
2021 оны 11 дүгээр сард Оросын Ерөнхийлөгч Владимир Путин зарлиг гаргаж, улмаар Донецк, Луганскаас ирэх бараа бүтээгдэхүүнүүд Оросын дотоодын бүтээгдэхүүнүүдийн адил эрхтэй болсон юм. Өөрөөр хэлбэл гэрчилгээ баримт бичиг бүрдүүлэх шаардлагагүй, Оросын төрийн худалдан авах ажиллагаанд оролцох эрхтэй болсон. Ингээд Донецк, Луганскийн төмөрлөгийн үйлдвэрүүд сэргэж эхэлжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ