Украинд онц байдал тогтоолоо

Украины Дээд Рад тус улсад онц байдал тогтоох тухай Ерөнхийлөгч Владимир Зеленскийн зарлигийг баталлаа.
Онц байдлын дэглэм хоёрдугаар сарын 24-ний 00.00 цагаас эхлэн 30 хоногийн туршид Украин даяар үйлчлэх юм. Энэхүү шийдвэр нь өнөөгийн аюул заналаас үүдэлтэй бөгөөд дотоодын тогтворгүй байдлыг үүсгэхгүйн тулд гаргасан хэмээн Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга Алексей Данилов мэдэгдсэний дээр нөхцөл байдлыг хянаж байгааг онцолжээ.
"Нөхцөл байдал амаргүй байна, гэхдээ хяналтад байгаа. Манай түншүүдийн тагнуул болон манай улсын тагнуулуудын мэдээлснээр дотоодод тогтворгүй байдал үүсэхгүй л бол манай улсыг эзлэх боломжгүй" хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.
Он байдлын дэглэм тогтоосноор муж бүрт штаб байгуулан ажиллах аж. Банк болон бусад бизнесийн байгууллагууд хэвийн ажиллах бол Украинаас гарах, орох зорчих хөдөлгөөнд онцгой дэглэм тогтоож, тээврийн хэрэгслүүдийг шалгаж болзошгүй гэнэ. Нийгмийн эмх журмыг хамгаалах ажил чангарч, ажил хаялт, жагсаал цуглаан, олон нийтийн арга хэмжээг хориглох юм байна. Шаардлагатай бол хүмүүсийг аюултай газраас нүүлгэн шилжүүлэх, хөл хорих цаг тогтоож болзошгүй аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ