АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Путинийг Гитлертэй зүйрлэв

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Оросын Ерөнхийлөгч Владимир Путинийг Гитлертэй зүйрлэжээ.
"Украинд хандаж буй түүний түрэмгийлэл нь нэн хэрцгий, Хоёрдугаар дайнаас өмнөхөн Чехословакийн хэсгийг эзлэн түрэмгийлсэн Адольф Гитлерийн түрэмгийлэлтэй зүйрлэхүйц. Та нар Путиний хийж байгаа үйлдлийг хайхрахгүй өнгөрч болохгүй. Энэ бол ардчилалд халдаж буй халдлага" хэмээн Нэнси Пелоси мэдэгджээ.
Түүнчлэн Ерөнхийлөгч Жо Байден мягмар гаригт танилцуулсан Оросын эсрэг хориг арга хэмжээ нь "зөв зүйтэй алхам", НАТО болон АНУ-ын бусад холбоотнуудын хамтын хүчин зүтгэлийн нэг хэсэг хэмээн Пелоси мэдэгджээ.
Энд дуулгахад, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинаас салан тусгаарлаж, өөрсдийгөө тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард Улс, Бүгд Найрамдах Луганск Ард Улсын тусгаар тогтнолыг хоёрдугаар сарын 21-ний өдөр хүлээн зөвшөөрсөн. Үүнийг барууны орнууд Украин руу халдахын эхлэх хэмээн үзэж Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ тавьж эхэлсэн юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ