Зеленский: Европынхон айж байна, хариу өгөхгүй байна

Украин улс Оростой төвийг сахисан статусын талаар ярилцахад бэлэн байгаа гэнэ. Энэ талаар Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн хоёрдугаар сарын 25-нд шилжих шөнө хийсэн мэдэгдэлдээ онцолжээ.
"Москва Украины төвийг сахисан статусын талаар ярилцахад бэлэн байгааг сонслоо. <...> Би өнөөдөр Европын орнуудын 27 тэргүүнээс биднийг НАТО-д авах эсэхийг асуусан. Бүгд л айж, хариу өгөхгүй байна. Бид айхгүй, юунаас ч айхгүй, улс гүрнээ хамгаалахаас айхгүй, Оросоос айхгүй байна. Бид манай орны аюулгүй байдлын баталгаа, төвийг сахисан статус гээд бүх зүйлийн талаар Оростой ярилцахаас айхгүй байна" хэмээн Зеленский мэдэгджээ.
Үүний зэрэгцээ Украинд баталгаа, ийм баталгаа өгөх орнуудын талаарх нарийн мэдээлэл хэрэгтэй байгааг Зеленский онцолсон байна.
"Энэ түрэмгийлэл дуусах талаар ярих нь чухал, энэ дайн дуусах талаар ярих нь чухал" хэмээн Зеленский цохон тэмдэглэснийг ВВС агентлаг дамжууллаа.
Украины хохирол
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн мэдэгдсэнээр Оросын халдлагын улмаас Украины 137 иргэн амиа алдсаны дотор 10 офицер амь үрэгджээ.
Зеленскийн өгүүлснээр Змеиный арлын бүхий л хамгаалагчид амь үрэгдсэн байна. Тэдэнд Украины баатар цол нэхэн олгоно гэж Владимир Зеленский мэдэгджээ.
Оросын тал мэдэгдэл хийхдээ гагцхүү Украины цэргийн дэд бүтэц, нисэх хүчинд цохилт өгч байгаа, энгийн иргэдэд огт аюул учруулахгүй хэмээн онцолж байгаа юм.
"Оросын зэвсэгт хүчин цохилт өгсний дүнд Украины цэргийн дэд бүтцийн 83 объектийг ашиглалтаас гаргасан. Тусгай цэргийн ажиллагаа явуулж эхэлснээс хойш хоёр Су-27, хоёр Су-24, нэг нисдэг тэрэг, дөрвөн дрон устгасан" хэмээн Оросын Батлан хамгаалах яамны төлөөлөгч Игорь Конашенков мэдэгджээ.
Оросын талын хохирол
Украины Ерөнхийлөгчийн захиргааны тэргүүний зөвлөх Алексей Арестович Оросын тал дайралт эхлүүлсэн өдрөө ихээхэн хохирол амссан гэж мэдэгджээ.
"Зөвхөн өнөөдөр гэхэд л долоон онгоц, долоон нисдэг тэрэг, 30 гаруй танк, 130 гаруй хуягт машинаа тэд алдсан. Манай тагнуулынхны мэдээлснээр, Оросын тал хамгийн багадаа л 450 цэрэг, офицераа алдсан" хэмээн Арестович мэдэгджээ.
Түүний өгүүлснээр, Оросын 20 гаруй цэргийг Украины тал олзолсон гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ