Улс орнуудын ОХУ-ын эсрэг тавьсан хоригт энгийн иргэд нь ч өртөж эхэллээ

Украинд цэргийн ажиллагаа эхлүүлсэн нь Оросын эдийн засагт сөргөөр нөлөөлж эхэллээ. Рубль болон Оросын компаниудын хувьцааны ханш унаж, санхүүгийн гүйлгээнд хязгаарлалт тавигдаж эхэлсэн байна. Барууны орнууд хоригоо чангатгаж, Оросын банкууд төдийгүй энгийн иргэд ч хоригт өртөж байгаа юм. Дэлхийн улс орнууд ямар хориг тавьсан талаарх мэдээллүүдийг багцлан хүргэж байна.
Канад, Япон Оросын эсрэг хоригт нэгдэв
Канадын эрх баригчид хоригт багтах хувь хүн, компаниудын жагсаалтыг нийтэллээ. Энэ жагсаалтад Путиний ойрын хүрээллийн 31 хүн, 27 хуулийн этгээд, Донецк, Луганскийг хүлээн зөвшөөрөхийн төлөө саналаа өгсөн Төрийн Думын гишүүд багтжээ.
Компаниудын дунд манай улстай хамтын ажиллагаатай Газпром компани, Альфа банк, Орос, Зүүн Европ дахь томоохон банкад тооцогддог Сбербанк, Оросын төрийн оролцоотой ВТБ банк багтжээ.
Япон улс ч барууныхны хоригт нэгдэж байгааг тус улсын Ерөнхий сайд Фумио Кисида мэдэгдлээ.
Ингэснээр хагас дамжуулагч болон бусад бүтээгдэхүүн нийлүүлэхгүй, Оросын зарим санхүүгийн байгууллагын хөрөнгийг царцааж, зарим хувь хүн болон хуулийн этгээдийг хар жагсаалтад оруулахаар болсон байна.
Европын Холбоо Орост онгоц зарахгүй
ЕХ Оросын агаарын тээврийн компаниудад онгоц, тоног төхөөрөмж худалдахад хориг тавилаа. Энэ талаар Еврокомиссын тэргүүн Урсула фон дер Ляйен мэдэгдсэнийг ВВС агентлаг дамжуулсан байна.
Европын холбооны нутаг дэвсгэр дээр Airbus онгоцуудыг үйлдвэрлэдэг юм. Түүнчлэн эрчим хүчний салбарын эсрэг хориг тавихаар болсон байна. Мөн Оросын банкны зах зээл, төрийн гол компаниудын 70 хувьд нь хориг тавихаар болжээ.
Оросын удирдаачийг тайзнаа гаргахгүй
Энэ амралтын өдрүүдэд Нью-Йоркийн Карнеги-холлд Оросын удирдаач Валерий Гергиев, төгөлдөр хуурч Денис Мацуев нарыг тоглолтод оролцуулахгүй байх шийдвэр гаргажээ. Тэд Венийн филармонийн оркестртай хамт гурван тоглолт толилуулах ёстой байсан юм.
Энэ шийдвэр нь "саяхны дэлхий дахины үйл явдалтай холбоотой" гэж Карнеги-холлын төлөөлөгч мэдэгдсэнийг "Медиа:зона" дамжуулжээ.
Энд дуулгахад, Карнеги-холл нь сонгодог хөгжмийн тоглолт тавигддаг дэлхийн хамгийн нэр хүндтэй талбар юм.
Орос "төлөвлөгөөтэй байсан" гэв
Оросын Төв банк хоригт өртсөн банкуудыг дэмжих арга хэмжээний талаар мэдэгджээ. Бүхий л банкууд хориг тавьсан нөхцөлд хэрхэн ажиллах төлөвлөгөөгөө боловсруулсан байсан гэж Төв банк мэдэгдсэн байна.
Банкуудын рублийн гүйлгээ хэвийн үргэлжилнэ, банк бүрийн тэнцлийн дийлэнх хэсэг нь рублиэр байдаг гэж Төв банк мэдэгджээ.
АНУ банкуудад хориг тавьснаар гадаад гүйлгээ хийх боломжгүй болов
АНУ Оросын Сбербанк, ВТБ болон өөр гурван банкийг хоригт багтаажээ. Ингэснээр оросууд хилийн чанад руу валютын гүйлгээ хийх, хилийн чанадад VIsa, Master Card ашиглах боломжгүй болсон байна.
Харни SWIFT олон улсын банк хоорондын системээс Оросыг салгахааргүйгээр шийджээ. Энэ шийдвэрийн дараа рубльтэй харьцах долларын ханш бага зэрэг суларчээ.
Түүнчлэн G7 бүлгийн орнуудтай хамтран өндөр технологийн бүтээгдэхүүн нийлүүлэхийг 50 хувиар хориглохоор тохиролцсон гэнэ.
Чех, Латви, Литва Оросын иргэдэд виза өгөхгүй
РБК агентлагийн мэдээлснээр, Британийн Засгийн газар Оросын иргэдийг 50 мянган фунтээс дээш хэмжээний мөнгийг тус улсын банкуудад хадгалахыг хориглосон байна.
Польш улс Оросын телевизүүдийн дамжуулалтыг нутагтаа хориглолоо. Харин өөр улс орнууд Оросын иргэдэд виза олгохоос татгалзжээ.
Тодруулбал, Украинд хийсэн дайны улмаас Чех, Литва, Латви гэсэн орнууд Оросын иргэдэд виза олгохгүй байхаар шийдсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ