Оросын эрдэмтэд дайныг эсэргүүцэн нээлттэй захидал бичжээ

Оросын эрдэмтэд, шинжлэх ухааны сэтгүүлчид хамтран дайныг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн нээлттэй захидлыг trv-science.ru нийтлэжээ.
"Энэхүү хэтийдсэн алхам нь асар их хүний амь насыг зольж, олон улсын аюулгүй байдлын системийн үндсийг алдагдуулж байна. Европт шинэ дайн өдөөсний хариуцлагыг Орос л үүрнэ. Энэ дайныг зөвтгөх ямар ч аргагүй" хэмээн нээлттэй захидалд өгүүлжээ.
Цаашлаад, Донбасс дахь нөхцөл байдлыг цэргийн ажиллагаа явуулах шалтаг болгон ашиглах нь ямар ч итгэл үнэмшил төрүүлэхгүй байгааг онцолсон байна. Украин улс Оросын аюулгүй байдлын эсрэг ямар ч аюул занал учруулаагүй байхад энэ улсын эсрэг дайн өдөөх нь шударга бус хэмээжээ.
"Украин улс манайд хамгийн ойр улс байсан, тэр хэвээр үлдэнэ. Бидний төрөл төрөгсөд, найз нөхөд, шинжлэх ухааны хамтран зүтгэгчид Украинд амьдарч байна. Бидний эцэг, өвөг дээдэс хамтдаа нацизмын эсрэг тулалдаж байсан" хэмээн нээлттэй захидалд онцолжээ. Мөн "нацизмыг дарахад шийдвэрлэх хувь нэмэр оруулсан манай улс Европ тивд шинэ дайн өдөөж байгааг харахад гунигтай байна" хэмээжээ.
Дайныг нэн даруй зогсоож, Украины тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндлэхийг шаардаж байгаагаа эрдэмтэд илэрхийлсэн байна. Энэхүү нээлттэй захидалд одоогийн байдлаар 320 гаруй эрдэмтэн, шинжлэх ухааны сэтгүүлч гарын үсэг зуржээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ