Зеленский: Энэ бүхэн 1941 оныг санагдуулж байна

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский баасан гарагт дахин ард түмэндээ хандан мэдэгдэл хийлээ. Тэрбээр энэ мэдэгдэлдээ цэргүүд нь иргэний объектуудад халдахгүй гэж Орос мэдэгдэж байгаа нь худал хэмээсэн байна.
Байлдааны ажиллагаа эхэлсэн эхний өдөр л улсыг нь эзлэх санаархлаа биелүүлэхэд нь Украины арми саад болсон гэж Зеленский мэдэгдлээ. Харин пүрэв гарагийн үдэш Оросын Батлан хамгаалахын төлөөлөгч Игорь Конашенков мэдэгдэл хийхдээ Оросын арми цэргийн ажиллагааны эхний өдрийн зорилгодоо бүрэн хүрсэн гэж онцолж байв.
Украины Ерөнхийлөгч мэдэгдэлдээ, украинчууд баатарлаг үйлдэл гаргаж байгааг онцлоод, Оросын түрэмгийллээс үргэлжлүүлэн хамгаалахыг уриалсан байна. Түүний өгүүлснээр Украины агаараас эсэргүүцэн хамгаалах хүчин чадлынхаа хэрээр агаарын орон зайг хамгаалж байгаа гэнэ.
"Гагцхүү эв нэгдэл, шийдэмгий байдал бидний эрх чөлөө, төр улсыг хамгаална. Арми, хилчид, Үндэсний гвард, цагдаа, тагнуул, нутаг дэвсгэрийн хүчнүүд дээд зэргээр үүргээ гүйцэтгэж байна" хэмээн Зеленский мэдэгджээ.
Түүнчлэн улс орных нь ирээдүй гагцхүү украинчуудаас шалтгаална гэдгийг онцолсон байна.
"Бид өөрсдийнхөө газар нутаг дээр байна. Бидний ард үнэн байна. "Калибр" пуужингууд бидний эрх чөлөөний эсрэг хүчин мөхөстөнө" хэмээн Украины Ерөнхийлөгч мэдэгджээ.
Мөн өнөөдрийн болж буй үйл явдлыг тэртээх дайны жилүүдтэй ч зүйрлэхийн дээр, Оросын иргэдэд хандсан байна.
"ОХУ-ын хүндэт иргэд ээ! Өнгөрсөн шөнө Баатар хот Киевийн орон сууцны хорооллуудыг бөмбөгдөж эхэллээ. Энэ бүхэн 1941 оныг санагдуулж байна. Эсэргүүцэлд нэгдэж буй ОХУ-ын бүхий л иргэдэд хандан хэлэхэд, бид та бүхнийг харж байна. Энэ нь та бүхэн биднийг сонссон гэсэн үг. Энэ нь та бүхэн бидэнд итгэж эхлэж байгаагийн илрэл. Бидний төлөө, дайны төлөө тэмцээрэй!" хэмээн Владимир Зеленский мэдэгджээ.
Украины Ерөнхий штабын мэдэгдэл
Украины Зэвсэгт хүчний Ерөнхий штабын мэдэгдсэнээр Кировоград мужийн Кропивницкий хотын бүсэд байрлах Украины анги нэгтгэлүүдэд Оросын цэргүүд агаараас цохилт өгчээ. Мөн Молдавтай залгаа хилийн орчимд орших Вилково, Тирасполийн нутагт Оросын нисдэг тэргүүд олширсон байна.
Украины Зэвсэгт хүчний десантын цэргүүд Оросын танкийн цуваа орж ирсэн Дымер, Иванковын бүс нутагт байлдаж байгаа аж. Өөр нэг тактикийн бүлэг нь одоо Киевийн ойролцоох "Антонов" нисэх буудлыг хяналтдаа тогтоон барьж байгаа гэнэ. Пүрэв гарагийн үдэш энэ буудлыг Оросын цэргүүд хяналтдаа оруулсан байжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ