Б.Болд: Киев хотоос 13 монгол иргэн Украины хил рүү ирж байгаа

ГХЯ-наас Украины нөхцөл байдал болон тэнд байгаа монгол иргэдийн асуудлаар мэдээлэл өгч байна.
ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болд "Өчигдөр Монгол Улсын 4 иргэн Польшийн хилээр нэвтэрсэн. Үүнээс 3 иргэн нь өнөөдөр Монгол руу ниссэн бол нэг иргэн нь хувийн ажлаар Европ руу ниссэн. Өнөөдөр 4 Монгол иргэн Польш улсын хилээр нэвтэрлээ. Варшав дахь ЭСЯ-ны ажилтнууд Монгол иргэдээ тосч авсан.
Өнөөдрийн байдлаар нийт 8 иргэн Польшийн хилээр нэвтрээд байна. Киев хотоос 13 Монгол иргэн Украины хил рүү явж байгаа. Тус иргэдийг авахаар Унгар, Чех дэх манай ЭСЯ-ны ажилтнууд Польшийн хил дээр очоод байна. Иргэдээ авчрах ажиллагаанд тусламж дэмжлэг үзүүлэх зорилгоор ГХЯ-наас Орос, Польш хэлтэй консулын ажлын туршлагатай хүмүүсээ өнөөдөр Варшав руу явуулсан.
Сая Харьков хотод байгаа монгол оюутантайгаа холбогдсон. "Өнөөдрийн байдлаар нөхцөл байдал намжсан. Хорогдох байрнаасаа гараад оюутны байрандаа ирсэн" гэсэн мэдээллийг өгч байгаа. Сүүлийн үед нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан ЭСЯ болон ГХЯ-нд бүртгүүлээгүй иргэд нутаг буцах хүсэлтээ гаргаж, нэмж бүртгүүлж байна. Зарим иргэдийн бичиг баримттай холбоотой хүндрэлүүд гарч байгаа" гэж мэдээллээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ