Паралимпийн тамирчдад зориулан олимпын хотхоныг өөрчилжээ
2022-03-01

Бээжин хотноо болох Паралимпийн наадмын бэлтгэл ажил өндөрлөжээ. Синхуа агентлагийн мэдээлснээр, спортын төлөөлөгчдийг албан ёсоор хүлээн авах ажил хоёрдугаар сарын 25-ны өдөр эхэлсэн байна. 

 

Хятадын нийслэл Бээжин хотноо болох Өвлийн Паралимпийн наадамд нийт 48 орны баг тамирчид оролцох юм байна. Бээжингийн Яньжин дүүрэгт байх олимпын тосгон 500 гаруй тамирчин, дагалдан яваа хүмүүсийг хүлээн авах бол Жанжякоуд байх тосгон 700 гаруй хүн хүлээн авах аж. 

 

Паралимпийн объектуудыг саадгүй нэвтрэх орц гарцтай болгож, хаалганы хэсгийг тэргэнцэртэй хүмүүсийг саадгүй нэвтрүүлэх зорилгоор 95 см хүртэл өргөн болгосон байна. Харин тамирчид байрлах өрөөний орнуудыг 10 сантиметрээр нам болгожээ. Ингэснээр тэргэнцэртэй тамирчдад тав тухтай байна гэж үзсэн байна. Түүнчлэн Паралимпийн зохион байгуулагчид тосгон руу тамирчдыг хүргэх 640 тусгай автобус бэлджээ.

 

Паралимпийн өвлийн наадам гуравдугаар сарын 4-13-ны өдрүүдэд Бээжин хотноо болно. Энэ удаагийн наадам нь "Цэвэр мөс, цасан дээрх баяр баясгалантай уулзалт" уриан дор болох аж. Паралимпийн тамирчид спортын зургаан төрлөөр нийт 78 тэмцээн уралдаанд оролцох юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин